Монгол Улсад жимс, жимсгэнийн тариалан үүсэж хөгжсөний 70 жилийн ойг угтан Монголын жимс, жимсгэнийн холбоо, Олон улсын чацарганын холбоо хамтран Улаанбаатар хотод өчигдөр “Азийн жимс, жимсгэнэ-2024” хурал зохион байгуулав. Энэхүү олон улсын хуралд дотоодын эрдэмтэн, судлаачид, тариалан эрхлэгчдээс гадна Орос, Хятад, Казахстан, Латви, Пакистан зэрэг орны 40 гаруй төлөөлөгч оролцлоо.
Өдгөө манай улс хүнсний ногооны нийт хэрэгцээнийхээ 80, улаан буудай, төмснийхийг 100 хувь дотоодын нөөцөөс хангаж буй бол жимс, жимсгэнийн 90 гаруй хувийг импортолдог байна. Засгийн газраас энэ төрлийн тариалан эрхлэлтийг дэмжих зорилгоор “Чацаргана”, “Жимс, жимсгэнэ” зэрэг үндэсний хөтөлбөрийг тус тус баталж, олон арван төсөл, санаачилга хэрэгжүүлсэн ч чацарганаас бусад жимсний хангамж төдийлөн нэмэгдээгүй гэнэ. Одоогийн байдлаар жимсний тариалалт 2018 оны үеийнхээс тав дахин ихсэж, жимст цэцэрлэгийн хэмжээ 7000 мянган га-д хүрсэн бөгөөд жилд дунджаар 4000 тонныг хураан авч байгаа аж. Гэвч нийт жимс, жимсгэнийн нөөцийн 92 хувийг чацаргана, ердөө найман хувийг бусад нь эзэлдэг. Хүн амын өсөлт, эрүүл хооллолтыг дэмжихийн тулд жимсний тариалалтыг эрчимжүүлж, сонголтыг нь өргөжүүлэх зайлшгүй шаардлагатайг олон улсын судлаачид энэ үеэр хөндлөө. Дотоодын хэрэгцээнийхээ 3.7 хувийг хангах хэмжээний жимс, жимсгэнэ тариалдаг ядмаг нөөцтэй улс ховор гэдгийг зарим нь дурдав.