“Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв” УТҮГ, Туул голын сав газрын захиргааны мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсгийнхэн иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу Туул голын бохирдлыг хэмжихээр сорьц авч, нарийвчилсан шинжилгээнд илгээлээ. Тодруулбал, Төв цэвэрлэх байгууламжаас гарсан хаягдал усыг Туул голд нийлүүлж байгаагаас нийслэлийн баруун бүсэд, тухайлбал, Хан-Уул дүүргийн 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт өмхий үнэр тархаж, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байна гэсэн гомдол, мэдээллийг тус хэсэгт амьдардаг иргэд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд ирүүлсэн байна. Улмаар тус яамнаас дээрх хоёр байгууллагын мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулснаар судлаачид өчигдөр газар дээр нь ажиллаж, ийнхүү дээж авчээ.
“Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв”-ийн Үйлдвэрлэлийн технологийн үнэлгээ, бохирдлын судалгааны албаныхан Биокомбинат, Сонгины ам, Нисэх, Сонсголонгийн гүүр орчмын Туул голоос сорьц авч, хувирамтгай нэгдэл болон физик үзүүлэлтүүдийг газар дээр нь хэмжсэн аж. Нарийвчилсан шинжилгээний хариу гарсны дараа эдгээрийг харьцуулж, баталгаажуулан олон нийтэд мэдээлэх гэнэ. Мөн Туул голын усны чанар, найрлага, бохирдлыг тодорхойлсон дүгнэлт, зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр төлөвлөжээ.