Монголын хөрөнгийн биржийн “Миллениум Ай Ти” арилжааны системийг солих яриаг Сангийн яамныхан гаргажээ. Хөрөнгийн зах зээлийн гол дэд бүтэц болох Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, “Арилжааны төлбөр тооцоо” гэсэн гурван аж ахуйн нэгжийг Сангийн яам төрийн нэрийн өмнөөс эзэмшдэг. Хувьцаа, бонд гэх мэт үнэт цаасыг хөрөнгийн бирж бүртгэж, анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжааг зохион байгуулна. Тэгвэл Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшиж буй үнэт цаасыг хадгалах, шилжүүлэх, өвлүүлэх, санхүүгийн баталгааны хэрэгсэл болгох зэрэг ажлыг хариуцдаг. Харин “Арилжааны төлбөр тооцоо” компани хөрөнгийн биржийн хийсэн арилжааны төлбөр тооцоог шилжүүлэх үүрэг хүлээдэг юм.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ он гарснаас хойш өөрийн мэдэлд байдаг хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн компаниудын үйл ажиллагаанд ихээхэн анхаарч байна. Ингэхдээ компаниудын удирдлагаас гадна Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны саналыг сонсож буй. Түүний зорилго бол компаниудаа сайжруулаад зогсохгүй хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд чиглэжээ. Хөрөнгийн зах зээлд оролцогчдын ширээ тойрч суусан хэд хэдэн удаагийн уулзалтаас “Миллениум Ай Ти” системийг сольж, арилжааны өөр платформ сонгох санал гарсан хэрэг.
“Миллениум Ай Ти” системийг яагаад солих шаардлага үүссэн бэ? Энэ программ дээр хоёрдогч зах зээлийн л арилжаа хийдэг гэнэ. Анхдагч зах зээлийн арилжаа хийх гэвэл өргөтгөх шаардлагатай аж. Брокеруудад зориулсан, зайнаас арилжаа хийх программ “Миллениум Ай Ти”-ийг дагалдаагүй. Брокерууд өөрсдөө программ бичүүлж, хөрөнгийн биржийн арилжааны системтэй холбон, онлайн арилжаа хийж байгаа. Мөн Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвтэй уг программ холбогдоогүй. Тиймээс тус төвийнхөн тусгай программ ашиглаж, арилжааны дүнгийн дагуу иргэдийн хувьцааг гараар шивж шилжүүлдэг аж. Хөрөнгийн зах зээлийн зарим мэргэжилтэн “Мэдээллийн технологийн хөгжил өндөр түвшинд хүрсэн энэ үед нэг программаас нөгөө рүү гараар шивж буй нь хоцрогдол” гэж эгдүүцдэг юм. Тиймээс брокер дилер, хөрөнгийн бирж, арилжааны төлбөр тооцоо, үнэт цаасны хадгаламжийн байгууллагыг холбосон цогц системтэй болох хэрэгтэй гэж үздэг.
“Миллениум Ай Ти” системийг гоочлох болсон өөр нэг шалтгаан нь хөрөнгө мөнгөтэй холбоотой. Монголын хөрөнгийн бирж “Миллениум Ай Ти” арилжааны системийг ашигласныхаа төлөө Лондоны хөрөнгийн биржид жил бүр 700 орчим сая төгрөгтэй дүйх валют төлж буй. Манай хөрөнгийн зах зээлийн арилжааны хэмжээ дэлхийн дунджаас 50 дахин бага. Товчхондоо, арилжааны идэвх маш муу гэсэн үг. Аливаа хөрөнгийн бирж арилжааны шимтгэлийн орлогоос санхүүждэг. Шимтгэлээс олох санхүүжилт бага учраас Монголын хөрөнгийн бирж орлого муутай байж таарна. “Миллениум Ай Ти” системийг нь хэрэглэж буйнхаа хөлсөнд Лондоны хөрөнгийн биржид манай хөрөнгийн бирж жилд дээрх хэмжээний төлбөр төлж буй. Үүнээс шалтгаалан хөрөнгийн бирж сүүлийн жилүүдэд байнга алдагдалтай ажиллаж иржээ. Нэгэнт зах зээл жижиг, шимтгэлийн орлого бага тул хямд төсөр систем авч хэрэглэе гэсэн санал “Миллениум Ай Ти”-ийг үгүйсгэх нэг шалтгаан нь юм.
Хөрөнгийн биржийнхэн энэ зах зээлд оролцогч бүр системийн төлбөрийг хамтран төлөх хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлж буй. Ачааг ганц хөрөнгийн биржид үүрүүлэх биш, бүгдээрээ “дамжилъя” гэсэн санаа ажээ. Мөн Монголын хөрөнгийн биржээс “Арилжааны төлбөр тооцоо” компанийг өөртөө нэгтгэх санал гаргасан. Хэрэв арваад ажилтантай “Арилжааны төлбөр тооцоо” компанийг Монголын хөрөнгийн биржид нэгтгэвэл орлого нь нэмэгдэж, санхүүгийн хүндрэлээс гарах аж. Цаашлаад арилжааны нийт шимтгэлийг бууруулах нөхцөл бүрдэнэ гэж Монголын хөрөнгийн биржийн захирал Х.Алтай ярьж байна.
Монголын санхүүгийн зах зээлийн таван хувийг хөрөнгийнх эзэлдэг гэсэн улиг болсон тоог бид олон жил ярьсаар ирлээ. Жижиг зах зээлтэй учраас үнэт цаасны арилжааны зуучлагч болон дэд бүтэц болдог компаниуд амиа зогоох төдий орлоготой байдаг. Тиймээс хөрөнгийн биржийн “Миллениум Ай Ти” системийн төлбөрийг “дамжлан” төлөх бодол тэнд байхгүй аж. Харин хөрөнгийн зах зээлийн дэд бүтцүүдийг бүрдүүлдэг компаниудыг хооронд нь холбосон, иргэд, аж ахуйн нэгжүүд арилжаанд оролцоход хялбар, ойлгомжтой, шимтгэл бууруулах боломжтой цогц систем авч ашиглах шаардлагатай гэж мэргэжилтнүүд үзэж буй юм.
Хөрөнгө оруулагч 100 сая төгрөгөөр хувьцаа худалдаж авъя гэж бодъё. Хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн компаниуд нийт хоёр хувийн шимтгэл хураадаг. Тэгэхээр хувьцаа худалдаж авахын тулд 102 сая төгрөг байршуулна гэсэн үг. Хувьцаагаа хэсэг хугацааны дараа эргүүлээд заръя гэж бодъё. Хувьцаагаа арилжуулсан үйлчилгээнийхээ төлбөрт дахиад хоёр хувийн шимтгэл төлөх шаардлагатай. Ингэхээр хөрөнгө оруулагч 100 сая төгрөгийн хувьцаа худалдаж аваад, зарахын тулд дөрвөн сая төгрөгийн зардал гаргах болох нь. Тэгэхээр авсан хувьцааных нь ханш дор хаяж таван хувиар өсөхийг хүлээнэ гэсэн үг. Түүнээс ч дээш өсөхийг нь хүлээвэл бүр л урт хугацаа зарцуулна. Хувьцааны ханш байнга савлаж байдаг ч богино хугацаанд 10 хувиар өсөх нь ховор тохиолдол. Эндээс арилжааны шимтгэл өндөр байгаа нь нэг талаар хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг бууруулдаг гэсэн дүгнэлт гарна. Хэрэв арилжааны шимтгэл нэг хувь байвал хөрөнгө оруулагч хувьцаа худалдаж, аваад зарахад нийт хоёр хувийн зардал гаргана. Тэгэхээр тухайн үнэт цаасны ханш дөрвөн хувиар өсөхөд л хувьцаа зарах нөхцөл бүрдэх юм. Өөрөөр хэлбэл, хувьцаагаа зарах хугацаа нь богиносож, хөрвөх чадвар нь сайжирна гэсэн үг.
Тиймээс л хөрөнгийн зах зээлтэй холбоотой этгээдүүд арилжааны шимтгэлийг бууруулах арга зам хайгаад байгаа хэрэг. Үүний нэг гарц нь өндөр зардалтай “Миллениум Ай Ти” системийг хэрэглэхээ болих аж. Тэд орлуулах өөр систем ч хайгаад эхэлсэн байна. Мэдээллийн технологийн ICT группийнхэн үнэт цаасны арилжааны UBEX цогц системийг блокчэйн технологид суурилан боловсруулжээ. Уг системээ Сангийн яамныханд танилцуулсан байна. Тэд 48 удаа тест хийхэд программ ямар ч алдаагүй ажилласан гэнэ. ICT группийн ТУЗ-ийн дарга Г.Лхамсүрэн “Бидний программыг Монголын хөрөнгийн зах зээлд ашиглавал цогц системтэй болоод зогсохгүй арилжааны шимтгэл дөрөв дахин буурна. Төлбөрийн хэмжээ нь “Миллениум Ай Ти”-гаас 10 дахин бага байх боломжтой” гэж ярив. Уг системийг авч ашиглах, эсэх шийдвэрийг Сангийн яам гаргах учиртай. Энэ биш юм гэхэд өөр систем суурилуулах, эсэхийг ч Сангийн яамныхан шийдвэрлэнэ. Тус яамныхан нөхцөл байдал тодорхойгүй байгаа учраас гэх шалтгаар байр сууриа илэрхийлэхээс татгалзлаа.
“Миллениум Ай Ти” системийг анх 2012 онд Лондоны хөрөнгийн биржээс 11 сая ам.доллароор худалдан авч суурилуулж байв. Тухайн үед Засгийн газраас биржийн арилжааны системийг шинэчилчихвэл хөрөнгийн зах зээл үсрэнгүй хөгжих юм шиг сэтгэгдэл төрүүлсэн. Уг арилжааны системийн давуу талыг хэт их сурталчилсан нь ч ийм сэтгэгдэл төрүүлсэн байж магадгүй. Хөрөнгийн бирж уг шинэ системийг ашиглаад найман жилийн нүүр үзлээ. Шинэ IPO-нууд гарч, хөрөнгийн зах зээлийн хөгжил урагшилсан. Гэвч төсөөлөн ярьж байсан шиг үсрэнгүй хөгжөөгүй. Өндөр үнэтэй, шинэ систем арилжааны Т+3 горимд шилжих боломж олгох гэх мэтээр хувьцааны хөрвөх чадварыг нэмэгдүүлэхэд ихээхэн тустай байлаа. Үүнийг нь ч бид өнгөрсөн хугацаанд ашиглаж чадаагүй. Дөнгөж одоо л арилжааны Т+2 горимд шилжихээр дуншиж буй.
Арилжааны системийг шинэчлээд л хөрөнгийн зах зээлийг хөгжүүлчихдэггүй юм байна гэдгийг өнгөрсөн хугацаанд санхүүгийн салбарынхан ойлголоо. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд мэргэжлийн хөрөнгө оруулагчид бий болгох хэрэгтэй юм байна. Бас хувьцааны хөрвөх чадварыг бүрдүүлж чадахуйц цогц систем чухал аж. Мөн бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж, компаниуд хүссэн хөрөнгөө богино хугацаанд “босгох” нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй юм байна. Төрөөс татварын хөнгөлөлт эдлүүлэх, иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх гэх мэт бодлогын дэмжлэг үзүүлэх шаардлагатай аж.
Сангийн яамны хөрөнгийн зах зээл рүү хандсан санаачилга дэд бүтцийн компаниудыг нь идэвхжүүлснийг Монголын хөрөнгийн биржээс гаргасан уриалгаас харж болно. Тус уриалгад “Хөрөнгийн зах зээл хөгжих нь эдийн засгийг эрчимжүүлэх, компани, бизнест урт хугацааны хямд эх үүсвэр татан төвлөрүүлэх боломж бүрдүүлэх, ард иргэд, олон нийтийн зүгээс хуримтлалаа хамгийн ашигтайгаар байршуулж хөрөнгийн үнэ цэнээ тасралтгүй өсгөхөд онцгой ач холбогдолтой билээ. Иймд хөрөнгийн зах зээлийн эдгээр ач холбогдлыг харгалзан үзэж, зах зээлийн нийт оролцогчдын хэмжээнд уг асуудлуудыг хамтран шийдвэрлэх чиглэлд бүх талын нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх, санал солилцох, нэгдсэн байр сууринд хүрэх, урт хугацааны нэгдсэн бодлоготой болох, шийдлүүдийг нэн даруй хэрэгжүүлэх арга хэмжээ авч хамтран ажиллахыг Монголын хөрөнгийн биржийн зүгээс хөрөнгийн зах зээлийн оролцогчид та бүхэнд уриалж байна” гэжээ. Товчхондоо, ширээ тойрч суугаад хөгжлийн шийдлээ ярилцахыг уриалсан байна. Улс орны эдийн засгийн хөгжилд нэн тустай хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх эрлийг тал талаас санаачилга гарган ийн эхлүүлж буй нь сайны дохио. Монголчууд явсан нохой яс зууна гэдэг дээ.