Гоолингоо дууны талаар олон аман хууч яриа байдаг. Цаг хэцүүд учирсан дурлалт хосын хагацлын тухай өгүүлдэг энэ дууг гуниг, нулимс нэвт шингэсэн хараалтай дуу ч гэж ярих нь бий.
<<Амраг Гоолингоогийн алтан хүрээ нь хө
Арын ууланд нь
Цайрсхийгээд байх юм аа хө>>
Хайртай хүнээ алдаж, нутаглуулсан газар нь цайрч харагдах юм аа хэмээсэн гунигт түүхтэй энэ дууг дуулсан эмэгтэйд эр нөхөр тогтдоггүй гэдэг байтал олны хайр хүндэтгэлийг хүлээсэн үе үеийн дуучид энэхүү дууг амьдруулсаар л... Гэхдээ дуулсан бүр нь зовлонд унасан гэвэл хэтрүүлсэн сүржин дүгнэлт болно.
Мэдэгдэж байгаагаар хамгийн эхэнд дуулсан хүн бол Ардын жүжигчин Д.Ичинхорлоо юм. Хэлмэгдүүлэлтийн үеэр түүний нөхөр М.Ядамсүрэнг улс төрийн хэргээр шоронд хийж. Ичинхорлоо гуайг сураглаад очиход нь "өчигдөрхөн цаазалсан" гэсэн хариу авсан гэдэг. Нөхрөө санагалзахдаа бичиж байсан захиаг нь гаргаж ирэн уйлахдаа шанзаа тоглон энэхүү дууг дуулдаг байсан юм гэнэ билээ. Хууч ярианы бодит биелэл ч юм уу? эсвэл хууч яриан дахь эмэгтай Ичинхорлоо өөрөө байв уу гэдэг нь хүмүүсийн одоог хүртэл яригддаг дунд маргаантай яриа юм. Энэхүү дууг дуулсан дуучин үүгээр зогссонгүй. Болохгүй шүү гэсэн зүйл рүү тэмүүлдэг нь хүмүүний араншин юм уу гэлтэй. Түүнээс хойш энэхүү дууг XX зууны манлай дуучин Н.Норовбанзад, Поп хадагтай Сарантуяа, Ардын дууч Бурмаа дуулсан байдаг бол хамгийн сүүлд залуу дуучин А.Хишигдалай дуулсан. Дуунд дуртай дуучин бүсгүйчүйдийн амьдрал жаргал, зовлон, жаргал, зовлон, жаргал хэмээн ээлжлэх цэцгийн дэлбээ шиг л... Өөрөөр хэлбэл Ичинхорлоо гуайн гунигт түүхийн дараа дуулсан дуучин бол хосгүй хойлоогоороо Монголоосоо ч хальж шагшигдсан Норовбанзад гуай анхны үрээ алдсаныг эс тооцвол эр нөхөр Банзрагчийн хамт гурван сайхан охинтойгоо хэл амгүй сайхан амьдарч байсан. Норовбанзад гуай шиг буянтай эмэгтэйд энэ дууг хоолойн чадлаараа дуулж сэтгэлээ эмзэглүүлээд хоцрохооргүй дархлаатай эмэгтэй байсан ч байж мэдэх юм.
Харин дуучин Сарантуяагийн амьдралд нэг бус эр байсан боловч тэр бүр бүтэмжтэй байгаагүй. Анх Гоолингоог дуулахаар шийдээд урт хугацаанд бэлтгэл хийж байсан ч гэж яригддаг. Эр хүнтэй, хүнгүй амьдарч чадахаар бардам хүчирхэг бүсгүй тэрээр уг дуугаа чин сэтгэлээсээ мэдэрч орж дуулсан бололтой.
Дараагийн дуулсан дуучин бол дураараа ярьдаг, дуртай зүйлээ хийдэг ардын дууч Бурмаа. Тэрээр "бөх залуутай суухыг хүсдэг байснаар хань Насанжаргал минь надад ирсэн" хэмээн ярьдаг нь харин ч энэхүү дууг дуулаад жаргалтай явж болдгийг өөрийнхөө амьдралаар харуулж байна.
Сэтгэл сэвтэй энэ дууг хэр мэдэрч хэр орж, хэр шаналж дуулж байгаагаас ихээхэн хамаардаг байж ч болох юм. Хишигдалайгийн хувьд залуу хүмүүст салж нийлэхийг алийг тэр гэхэв гэж бодож болох ч энэ дууг дуулсаны дараа нэгэн үе хамт амьдраад байсан Гантулгаасаа салсан гэдэг. Ганц бие амьдралаар амьдраад байгаа залуу дуучин удахгүй сайхан ханьтай учрахыг ч үгүйсгэхгүй. Юм олон талтай байдаг. Нэг талаас нь харж туйлширч мэдээж болохгүй. Г.Аюурзаны шинэхэн роман "Сахиуст Хангайн Нууц" номонд гардаг шүү дээ. Олон үе дамжсан хараалыг өдөөгч, шулам гэгдэж байсан Ягаандарь хатан үнэндээ сахиуст хангайн савдаг байсныг үхсэнийх нь дараа л мэддэгтэй адил дуулсан дуучин болгоноо шоглочихоод байдаг гэгдэх энэ дуу угтаа хараалтай биш амраг хосын үнэн хайрыг харуулсан ардын сайхан дуу байхыг ч үгүйсгэхгүй юм. Үүнийг Хишигдалай дуучин маань батлан харуулна гэдэгт битүүхэн итгэл тавин сууна.