“Өнөөдөр” сонин “Токио-2020” олимпод өндөр амжилт гаргах магадлалтай залуу тамирчдыг цувралаар танилцуулж байгаа билээ. Бид энэ удаа буудлагын спортын Дэлхийн цомын хүрэл медальт, оюутны дэлхийн аварга, ОУХМ Ганхуягийн Нандинзаяаг онцоллоо.
-Ааваа, би буудлагын спортоор хичээллэж, өвөө та хоёр шиг мундаг тамирчин болмоор байна.
-Миний охин энэ жил арай балчир байна. Дараа жилээс хичээллэвэл яасан юм бэ.
-Би бүхэл бүтэн нэг жил хүлээж тэсэхгүй нь ээ. Энэ жил яагаад болохгүй гэж...
Г.Нандинзаяа 12 настайдаа ийнхүү аавыгаа ятгаж, тас зөрсөөр буудлагын спортын фронтод үнэнч зүтгэх “байлдагч”-ийн тангараг өргөн, аавынхаа удирдлага доор хичээллэж эхэлснээс хойш 10 дахь хавраа үдэж байна.
Тэрбээр энэ тухайгаа “Намайг энэ спортоор хичээллэхэд аав нөлөөлсөн шиг аавыг өвөө урвуулж байсан гэнэ лээ. Уг нь аав бөх болох сонирхолтой байсан гэдэг. Ээж минь ч бас спортын хүн. Радио спортын ОУХМ цолтой, Азийн аварга. Нэг удаа ээжтэйгээ хамт радио спортын тэмцээнд оролцсон ч миний сонирхлыг буудлага шиг татаагүй. Жаахан охин бэлтгэл хийж, буундаа түүртэн зогсож байсан минь санаанаас ер гардаггүй. Өвөө, аав хоёр минь урт буугаар хичээллэдэг байлаа. Тэднийхээ үйл хэргийг үргэлжлүүлж, урт бууны тамирчин болсноороо бахархдаг” хэмээн дурссан юм.
Г.Нандинзаяагийн ур чадвар өдрөөс өдөрт ахисаар энэ спортоор хичээллэснийхээ дараа жилээс л амжилтын “ургац” хурааж эхэлсэн. “Холбооны цом”-д цэц сорихдоо спортын мастер цолны болзол хангасан тэрбээр ОХУ-д болсон өсвөр үеийн олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртэн амжилтын салхиа хагалжээ. Түүнээс хоёрхон сарын дараа болсон Монголын бүх ард түмний спартакиадад оролцохдоо олон улсын хэмжээний мастер цол хүртэн, шуугиулав. Г.Нандинзаяа тийнхүү Монголын буудлагын спортын түүхэнд хамгийн залуудаа ОУХМ цол хүртсэн тамирчин болжээ. Ганцхан жилийн дотор спортын хоёр цол хүртэх амаргүй нь мэдээж. Багаасаа юм дуулгаж, олимп, дэлхийн медальтнуудын залгамж халаа болох ирээдүйтэй гэдгээ харуулж эхэлснийх нь илрэл болов уу.
Монголын буудлагын спортын өнөөгийн хөгжил, тамирчдын амжилт, ур, чадвар аль хэдийнэ дэлхийн хэмжээнд хүрч, өнгийг нь тодорхойлж буй гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Гэхдээ манай тамирчид ихэвчлэн гар бууны дасгалд олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртдэгийг спорт сонирхогчид андахгүй. Харин урт бууны дасгалд эх орныхоо нэрийг олон улсад тахалж, чамлахааргүй амжилтын эзэн болж яваа хуруу дарам тамирчны нэг нь яахын аргагүй Г.Нандинзаяа.
Тэрбээр 2012 онд оюутны ДАШТ-д ганцаарчилсан болон багийн төрөлд түрүүлж, хос алтан медаль хүртэн, дараа жил нь дэлхийн оюутны универсиадад гуравдугаар байрт шалгарсан юм. Тэр жилээ БНСУ-д болсон Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцохдоо гурван байдлаас 20 сум буудах дасгалд 565 оноо авч, залуучуудын дэлхийн рекордыг шинэчилжээ. Харин үүнийгээ Г.Нандинзаяа бүр сүүлд буюу Монголын буудлага, спортын холбоонд дэлхийн рекорд шинэчилсэн батламж нь ирсний дараа л мэдсэн гэнэ. Түүнээс УАШТ-д хэдэн удаа түрүүлээд буйг нь тодруулахад “Үнэнийг хэлэхэд яг хэдэн удаа түрүүлснээ мартчихжээ. Нарийн тоолж байгаагүй юм байна. Харин гурван байдлаас 20 сум буудах дасгал, хийн урт бууны дасгалд улсынхаа дээд амжилтыг эзэмшдэг” хэмээлээ.
Г.Нандинзаяа 2015 онд АНУ-д болсон Дэлхийн цомд IV байрт шалгарч, “Рио-2016” олимпод оролцох эрх өвөртөлсөн. Тэрбээр тус тэмцээнд анх удаа финалд шалгарахдаа олимпод оролцох “тийз” захиалсан төдийгүй хүрэл медалийн оосроос атгаад алдсан юм. Үүнийг нь гуравдугаар байрт шалгарсан залуучуудын дэлхийн аварга С.Нилсоноос 0.2 оноогоор л дутсанаас нь харж болмоор. Ийнхүү аавтайгаа хамт “Рио-2016”-д цэц сорих болзол хангалаа. Олимпын өмнө болсон Дэлхийн цомоос хүрэл медаль хүртэн, бэлтгэлээ сайтар базааж чадвал ур чадвараар хэнээс ч дутахгүй гэдгээ нотлов. Тэрбээр урт бууны дасгалд тус тэмцээнээс медаль хүртсэн Монголын хоёр дахь тамирчин болсон юм.
Г.Нандинзаяа олимпын дэвжээнд анх удаа өрсөлдөхдөө урт бууны гурван байдлаас 60 сум буудах дасгалд IX, 10 метрийнхэд XIV байрт шалгарсан. Гэхдээ тамирчин бүхний мөрөөдөл болсон олимпод өрсөлдөж, хоёр дасгалд оролцсон нь түүнд чамгүй туршлага болсон нь мэдээж.
Тамирчин бүхэн олимпын аварга болохыг мөрөөддөг. Г.Нандинзаяагийнх ч бас тийм. Тэрбээр “Токио-2020”-д эл мөрөөдөлдөө хүрэхийн төлөө аавтайгаа хамт зүтгэж явна. Түүний аавыг Ж.Ганхуяг гэхээр монголчууд андахгүй биз ээ.