Монголын чөлөөт бөхийн холбооныхон Азийн АШТ-д зодоглох тамирчдынхаа мэдүүлгийг бүртгэл дуусахаас нь өмнө Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-нд илгээж амжаагүйн улмаас оролцох боломжгүй болоод байсан. Спорт сонирхогчдодоо баяртай мэдээ дуулгахад UWW манай тамирчдыг Азийн АШТ-д өрсөлдөхийг нь зөвшөөрчээ.
Энэ талаар МЧБХ-ныхноос тодруулахад “Бид асуудлыг нааштайгаар шийдүүлэхийн тулд ДБНХ-нд хоёр ч удаа албан бичиг илгээсэн нь үр дүнгээ өглөө. ДБНХ Монголын тамирчдыг Азийн АШТ-д оролцохыг зөвшөөрч буйгаа өнөөдөр (өчигдөр) албан бичиг илгээн мэдэгдлээ. Тэгэхдээ тамирчдын мэдүүлгийг дахиж авалгүйгээр өмнөхийг нь бүртгэл дуусахаас өмнө өгсөнд тооцож байгаа юм билээ.
Мэдүүлэгт энэ жил УАШТ-д түрүүлсэн С.Батболд, Э.Ням-Очир, Н.Лхамгармаа, Г.Мандахнаран, О.Үйтүмэн, П.Орхон, С.Цэрэнчимэд нарын нэрийг оруулаагүй. Учир нь тэд үндэсний шигшээ багийнхантай хамт бэлтгэл хийлгүй, нэгдсэн цугларалтаас татгалзсан. Тэгэхээр эдгээр тамирчин Азийн АШТ-д оролцох боломжгүй гэсэн үг.
Гавьяат тамирчин Г.Мандахнаран, Э.Ням-Очир нар залуу тамирчдадаа боломж олгохын тулд Азийн АШТ-д оролцохгүй гэдгээ илэрхийлсэн. Харин дэлхийн аварга С.Цэрэнчимэд эрүүл мэндийн шалтгааны улмаас өнжинө.
Одоо бие биеэ буруутгах цаг биш. Хаана хаанаа л хариуцлагатай байх хэрэгтэй. Манай тамирчид Азийн АШТ-ий өмнөх бэлтгэлээ энэ сарын 13-наас хойш базааж байна. Эмэгтэй тамирчид 8-нд, эрчүүд 10-нд Энэтхэг улсыг зорино” гэлээ.