Шатрын “Гамма Рейкявик-2017” олон улсын нээлттэй тэмцээн Исланд улсад энэ сарын 18-28-нд болно. Супер их мастер Аниш Гири, Дмитрий Андрейкин, Алексей Широв тэргүүтэй 40 орны 160 гаруй шатарчин оюунаа сорих 32 дахь удаагийн тус тэмцээнд манай улсаас Гавьяат тамирчин, эрэгтэйчүүдийн олон улсын мастер, эмэгтэйчүүдийн их мастер, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо, “Мончесс” клубийн тамирчин Т.Батчимэг өрсөлдөнө.
“Гамма Рейкявик-2017”-д монгол шатарчин анх удаа оролцох гэж байгаа нь энэ.
Түүнийг тэмцээнд оролцоход нь “Оюунлаг ирээдүйн төлөө ухаалаг банк” уриатай “Капитрон” банк ивээн тэтгэн, дэмжжээ.
Сонирхуулахад, шатрын спортын түүхэнд хамгийн дуулиант халз тоглолтод зүй ёсоор тооцогдох Бобби Фишер, Борис Спасский нарын дэлхийн аваргын төлөөх тоглолт 1972 онд Рейкявик хотод болсон юм.