Манай сонин “Токио-2020” олимпод өндөр амжилт гаргах магадлалтай залуу тамирчдыг цувралаар танилцуулж байгаа билээ. Бид энэ удаа Азийн өсвөрийн аварга, насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгө, хүрэл медальт, “Арслан” клубийн тамирчин Төмөр-Очирын Тулгыг онцоллоо.
Хөдөөний бусад хүүхдийн адил дээл, гутлаа ханзартал барилдаж өссөн түүнийг балчир байхад хүмүүс өхөөрдөн, нэрийг нь асуухад өөрийнхтэй нь төстэй болоод ч тэр үү “Би улсын заан Тулгаа байна” хэмээн хариулдаг байж. Бөх болох мөрөөдөлдөө хөтлөгдсөн хүү хувиараа бэлтгэл хийж байгаад 2009 онд Сонгинохайрхан дүүргийн АШТ-ээс хүрэл медаль хүртэн, амжилтын салхиа хагалсан юм.
Аав нь ч хүүгээ дэмжин, тогтмол бэлтгэл хийлгэхийн тулд “Арслан” клубийн дасгалжуулагч Б.Баттулга, Ц.Гантөгс нарт шавь оруулсан нь нүдээ олжээ. Т.Тулга чөлөөт бөхийн А үсэг заалгаж, өмсгөл өмссөнөөсөө хойш хоёр сарын дараа болсон Ц.Лхаажавын нэрэмжит тэмцээнд түрүүлсэндээ их урамшсан гэнэ.
Түүний амжилт, ур чадвар өдрөөс өдөрт ахисаар 14 настайдаа өсвөрийн УАШТ-д өөрөөсөө гурван насаар ах тамирчдыг ялан түрүүлж, бөх сонирхогчдын анхааралд өртөж эхэлсэн юм. Т.Тулга тус тэмцээнээс удаах жилүүдэд алт, хүрэл медаль хүртэн, амжилтаа ахиулжээ.
Түүний хувьд 2015 он амжилтын арвин “ургац” хураасан жил болсон юм. Учир нь, Азийн өсвөрийн АШТ, “Asashoryu cup”-т түрүүлж, УАШТ-ий өсвөрийн ангилалд алтан медаль аван, хошой аварга болж, залуучуудынхаас мөнгөн медаль хүртжээ.
Азийн өсвөрийн АШТ-д түрүүлэхдээ эхний тойргуудад Шри-Ланкагийн бөхийг 10:1, Тажикистаны тамирчныг 10:0, Кыргызстаны бөхийг 8:1, аваргын төлөөх барилдаанд Ираны бөх А.Хассаныг 8:5-аар тус тус ялсан нь ур чадварсайтайгийнх нь илрэл болов уу. Улс бүрээс шалгарч, эх орноо төлөөлөн оролцсон шилдэг бөхчүүдийг оноогоор илүүрхэн ялах амаргүй нь мэдээж.
2013 онд чөлөөт бөхийн спортыг олимпын наадмын хөтөлбөрөөс хасаж магадгүй болж, дээр дооргүй үймэцгээсэн. Спортын хорхойтнууд “5 wrestling” нэртэй цахим хуудас нээн, энэ спортын төлөө дуу хоолойгоо нэгтгэснийг та бүхэн санаж байгаа биз ээ. Тус хуудасны ковер зурган дээрх чөлөөт бөхийн өмсгөлтэй хоёр хүүхдийн нэг нь Т.Тулга. Түүний чөлөөт бөхийн спортын төлөө шаналан, сэтгэл зовнин зогсож байгаа нь гэрэл зурагчны дуранд буусан нь тэр.
Тэрбээр энэ тухайгаа “Чөлөөт бөхийн спортыг олимпын хөтөлбөрөөс хасчих вий гэж их айн, санаа зовсон. Нэг өдөр бэлтгэл дээрээ иртэл найз маань уйлаад зогсож байсан юм. Дэргэд нь очин, сэтгэлийг нь тайвшруулж байхад бид хоёрын зургийг авсан юм билээ. Тэр зургаар “5 wrestling” хуудас ковер хийснийг нь бүр сүүлд мэдсэн” хэмээн дурслаа.
Т.Тулга сүүлийн хоёр жил дараалан насанд хүрэгчдийн УАШТ-ий 57, 61 кг-д мөнгө, хүрэл медаль хүртэн, шуугиулаад буй. Өдгөө 19 настай тэрбээр 2016 онд хагас шигшээд улсын аварга С.Батболдод ялагдсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд Ц.Цогбадрахыг ялж, медалийн тавцанд зогссон юм.
Харин энэ жил аваргын төлөө ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Э.Ням-Очиртой барилдсан. Тэд хоёул Б.Баттулга багшийн шавь. Анх удаа учраа таарсан тэдний барилдаан спорт сонирхогчдын анхаарлыг гойд татаж байв. Т.Тулга дэлхийн аваргын медальт өрсөлдөгчөөсөө эмээлгүй, ялахын төлөө урагш зүтгэж, дайчин барилдсаар 4:4-өөр тэнцсэн ч онооны чанараар дийлдсэн юм.
Саяхан чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнийг албан ёсоор зарлахад эрэгтэйчүүдийн 61 кг-д Гавьяат тамирчин Э.Ням-Очир, оюутны дэлхийн аварга Т.Түвшинтулга, ОУХМ Э.Нэмэхбаяр тэргүүтэй шилдгүүдийн аль нь ч бус, Т.Тулга багтсан нь спорт сонирхогчдын анхаарлыг гойд татаж буй.
Энэ нь Монголын чөлөөт бөхийн холбооныхон түүнийг “Токио-2020”-д өндөр амжилт гаргах гол найдвар хэмээн итгэл дэвсэж байгаагийнх нь илрэл биз ээ. “Рио-2016” олимпод түрүүлсэн чөлөөт бөхийн тамирчдын дундаж нас 23 байсныг Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос мэдээлсэн. Тиймээс өдгөө 19 настай түүнд “Токио-2020” олимпод цахиур хагалан, медаль хүртэх боломж байгаа нь мэдээж.
Түүний барилдааны арга барил, бусад тамирчнаас ялгарах онцлогийнх нь талаар чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулгаас тодруулахад “Их хөдөлмөрч, даруухан хүүхэд. Ямар нэгэн мэхийг 20 удаа давт гэвэл 30 гүйцэтгэх нь энүүхэнд. Угсраа мэх сайтай. Барилдааны явцад хурдан сэтгэж, хариу мэх хийхдээ гаргуун.
Үеийн төдийгүй ахмад тамирчдаа их хүндэлж, заавар зөвлөгөөг нь сонсох дуртай. 61 кг-д хэн нь ч олимп, ДАШТ-ий медальтан болж мэдэх олон шилдэг тамирчин манай улсад бий. Тиймээс энэ жин өрсөлдөөн ихтэй. Т.Тулга одоогоор 61 кг-д Э.Ням-Очироос бусад ах нараа ялаад байгаа нь чухал үзүүлэлт. Ер нь цаашид бэлтгэлээ уйгагүй базаан, ур чадвараа улам сайжруулбал олимп, дэлхийн аварга болох нөөц, боломж түүнд байгаа нь дамжиггүй” гэлээ.
Харин “Арслан” клубт хамт бэлтгэл хийдэг УАШТ-ий мөнгөн медальт З.Занабазар “Бид хоёр 2010 оноос хойш Б.Баттулга, Ц.Гантөгс багшийн удирдлага дор хамт бэлтгэл хийн, амжилтын төлөө зүтгэж явна. Т.Тулга их тусархуу, даруухан, хөөрхөн ааштай. Ихэвчлэн инээгээд л явж байдаг. Бэлтгэлийг чин сэтгэлээсээ базаана, дараа хийе хэмээн хойшлуулж, алгуурлаж байхыг нь би лав үзээгүй.
Бид төрсөн ах, дүүс шиг л дотно байдаг. Өнгөрсөн намар Орос улсад болсон олон улсын тэмцээнд насаар ах, туршлагатай тамирчдыг ялсаар хүрэл медаль хүртэхэд нь их бахархсан” хэмээлээ.