“Рио-2016” олимпын V байрын шагналт, ОУХМ Э.Цэндбаатар бусдад зодуулж, машинд мөргүүлэн ГССҮТ-д эмчлүүлж буй. Биедээ хүнд бэртэл авч, олон оёо тавиулсан тэрбээр таван тамирчны хамт Хандгайт дахь бэлтгэлийн байрнаасаа нууцаар гарч оргон, шөнийн цэнгээний газарт байхдаа нь хэсэг залуустай ам мурийсан аж. Тэд өнөөх залуусаас зугтаж явахад нь нэгэн машин Э.Цэндбаатарыг мөргөжээ. Сэжигтнүүд “Бид түүнтэй ам мурийсан нь үнэн ч машинаар мөргөөгүй. Өөр хүн л гэмтээсэн байх хэмээн цагдаагийнханд мэдүүлжээ.
Өнөөдөр Монголын боксын шигшээ багийнхан яаралтай хуралдаж, Э.Цэндбаатар болон түүнтэй хамт явсан оюутны дэлхийн универсиад наадмын аварга Х.Энх-Амар, УАШТ-ий мөнгөн медальт Г.Баярхүү нарыг зургаан сарын хугацаанд үндэсний шигшээ багаас (3.20-9.20 хүртэл) хасч, залуу тамирчин Ц.Жамъяанбат, Д.Давааням, О.Бямба-Эрдэнэ нарыг Хандгайт дахь цугларалтаас буулгажээ.