Пауэрлифтингийн спортыг хууль сахиулах байгууллагынханд сурталчлах, хичээллэгсдийн тоог нэмэх, бие бялдрыг нь хөгжүүлэх, албаны бэлтгэлжилтийг нь хангах зорилготой “Илд бамбай” тэмцээн энэ сарын 15-нд Хууль сахиулахын их сургуульд болно.
Монголын пауэрлифтингийн хүчний холбоо, Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран зохиож буй тус тэмцээнд харьяа байгууллагын алба хаагчид насанд хүрэгчдийн ангиллын долоо, ахмадын дөрвөн жинд өрсөлдөнө. Тэмцээнд өндөр амжилт гаргасан тамирчдаас шигшээ баг бүрдүүлэх төдийгүй наймдугаар сард АНУ-д болох цагдаагийн олимп, Армийн ДАШТ-д оролцох эрх олгоно.