Буриадын ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын тэмцээн энэ сарын 11-12-нд ОХУ-д боллоо. 11 орны 110 тамирчин өрсөлдсөн 17 дахь удаагийн тус тэмцээнд манай улсаас 57 тамирчин оролцож, нэг мөнгө, зургаан хүрэл медаль хүртэв.
Тодруулбал, эрэгтэйчүүдийн 86 кг-д Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, Армийн дэлхийн аварга О.Үйтүмэн мөнгө, 57 кг-д залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга З.Занабазар, 65 кг-д Азийн АШТ-ий хошой хүрэл медальт Б.Батмагнай, 70 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин Г.Мандахнаран, 86 кг-д спортын мастер Б.Өлзийсайхан, 97 кг-д ОУХМ Л.Төртогтох, М.Билгүүдэй нар хүрэл медалиар энгэрээ мялаав.
Г.Мандахнаран, О.Үйтүмэн, Б.Батмагнай нар тус тэмцээнээс гурав, Л.Төртогтох, М.Билгүүдэй нар хоёр дахь медалиа хүртлээ. Ийнхүү манай чөлөөтийнхөн Буриадын ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнээс долоон медаль хүртсэн ч 2013 оноос хойш тасралтгүй алтан медаль хүртсэн амжилтаа давтаж чадсангүй. Тэд өнгөрсөн жил л гэхэд нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн юм.