БНСУ-ын холимог тулааны “Road FC” холбоонд тоглож буй Монголын тамирчин М.Нандин-Эрдэнэ сая ам.долларын төлөө энэ сарын 15-нд тулалдана. Мэргэжлийн дэвжээнд 2014 оноос хойш хүч сорьж буй тэрбээр одоогоор долоон удаа тулалдаж тав ялсан амжилттай.
М.Нандин-Эрдэнэ олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Н.Төгсцогт, Армийн дэлхийн аварга Б.Чинзориг тэргүүтэй шилдэг боксчдын анхны багш, Гавьяат дасгалжуулагч А.Гантулгын удирдлага дор 13 настайдаа сонирхогчийн боксоор хичээллэж эхэлсэн.
Өдрөөс өдөрт ур чадвар нь ахисаар хичээллэсэн жилээ “Аваргын гараа”, өсвөрийн УАШТ-д түрүүлж амжилтын салхиа хагалжээ. 69 кг-д тоглодог байсан тэрбээр УАШТ-д өсвөр үе, залуучуудад тус бүр хоёр удаа түрүүлж, насанд хүрэгчдийнхээс хошой, алт, мөнгөн медаль хүртсэн амжилттай.
Мөн Азийн АШТ-ий мөнгөн медалиар энгэрээ мялаасан төдийгүй Олон улсын хэмжээний мастер цолтой. Бусад тамирчнаас ялгарах онцлог, давуу талынх нь талаар А.Гантулга дасгалжуулагчаас тодруулахад “Бэлтгэлийг чин сэтгэлээсээ базаадаг. Нэг удаа хий гэвэл гурав гүйцэтгэх нь энүүхэнд. Авьяастай, мэдрэмжтэй, ухаалаг тамирчин. Миний хамгийн хайртай шавь нарын нэг. 2007 оны Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэхэд нь шавиараа бахархсан. Тэр үед олимп, ДАШТ-ий медальтан болох мөч ойрхон байна даа, цаг нь болсон гэж бодож билээ. Их баярласан болоод ч тэр үү, өөрийн эрхгүй уйлсан шүү. Амьдрахын эрхэнд боксоо орхин, Солонгос улсыг зориход нь их гайхсан, мөн харамссан.
“Яах вэ” гэж надаас ер асуугаагүй ээ. Гэнэт л тэгж шийдсэн гэсэн. “Хайран хүүхэд. Дахиад хэдэн жил тоглочихсон бол олимп, дэлхийгээс медаль хүртэх нөөц байсан” гэж бодохоор л дотор харанхуйлж байсан шүү. Шавь маань өдгөө “Road FC” холбоонд тоглож, сонирхогчийн бокст гаргаж чадаагүй амжилтдаа хүрэхээр зүтгэж явна. Тулааны спортын суурь сайтай, хөдөлмөрч, авьяастай болохоор цаашид бүр өндөр амжилт гаргах боломж түүнд бий” гэлээ.
Сүүлчийн гурван тулаандаа дараалан ялж, оны өмнө “Road FC” холбооноос шилдэг хүнд цохилтын эзэн шагнал хүртсэн М.Нандин-Эрдэнэтэй цахим хаягаар нь холбогдон айсуй тулааных нь талаар тодрууллаа.
-Энэ тэмцээн сая долларын шагналтай тул оролцох эрх авах амаргүй байсан нь мэдээж. Танд ямар шалгуур тавив?
-Би “Road FC” холбоонд хийсэн долоон тулааныхаа дөрвийг нь эхний үед хүнд цохилтоор ялсан нь том үнэлгээ болж, мэргэжилтнүүдийн анхаарлыг татсан гэнэ лээ. Дэлхийн шилдэг 32 тамирчин өрсөлдөж, түрүүлсэн нь сая долларын шагнал хүртэнэ. Өмнө нь ийм өндөр шагналтай тэмцээнд монгол тамирчин өрсөлдөж байгаагүй байх. Би энэ тэмцээнд анх удаа оролцохоор бэлтгэлээ базааж байна.
-Эхний үед Бразилын тулаанч Б.Мирандатай өрсөлдөнө. Түүнтэй хэрхэн тоглохоор төлөвлөж байна вэ?
-Мэргэжлийн дэвжээнд долоон удаа ялж, хоёр дийлдсэн, бүх өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялсан мундаг тамирчин бий. Тэрбээр өмнө нь мутай боксоор хичээллэж байсан юм билээ. Тоглолтын эхнээс санаачилгыг гартаа авч, давшиж тоглохоор төлөвлөж байна.
-Түрүүлсэн тамирчин сая долларын шагнал хүртэнэ. Харин удаалсан юм уу, оролцсон тулаанчид хэдийг өвөртлөх бол?
-Энэ талаар одоохондоо тодорхой хэлэх боломж алга. Мэдээж оролцож буй тамирчид тоглолт бүртээ мөнгөн шагнал хүртэнэ.
-Та энэ холбоонд 2014 оноос хойш тоглож байна. “Road FC”-д хүч үзэх гарцыг хэрхэн олсон бэ?
-Нэлээд өндөр шалгууртай юм билээ. Юм юм л хийсэн дээ. Бүр телевизийн шоунд хүртэл оролцон, Сорил тэмцээнд түрүүлснээр энэ холбоонд хүч үзэх зөвшөөрөл авсан. Би “Team fighter” клубт харьяалагдан, бэлтгэлээ базааж байна.
-Та сонирхогчийн боксоор чамгүй амжилт гаргаж байхдаа яагаад гэнэт спортоо орхисон юм бэ?
-Боксын спортоор хичээллэн, өндөр амжилт гаргах амаргүй. Сургуульд суръя, мэдлэг, боловсролоо ахиулъя гээд Солонгосыг зорьсон юм. Боломжийн амжилт гаргаж байхдаа гэнэт гаргасан шийдвэр л дээ.
-Боксын спортоор дахиад хэдэн жил уйгагүй хичээллэсэн бол гэж харамсдаг уу?
-Үнэнийг хэлэхэд харамсдаг. Олимп, дэлхийд чадахгүй юмаа гэхэд Азийн АШТ-д түрүүлэх ч байсан юм бил үү. Гэхдээ нэгэнт өнгөрсөн зүйлийн талаар тэгсэн, ингэсэн бол гэж яриад яах вэ.
-Бокс, холимог тулаан тэс өөр спорт. Хэр хурдан дассан бэ?
-Холимог тулаан бокс гэлтгүй бусад тулааны спортоос тэс өөр. Би уг нь Монголд байхдаа боксоос гадна тэквондо, кик бокс, гардан тулаанаар хичээллэж, ур чадвараа ахиулсан. Тэгсэн хэрнээ л холимог тулаанд өөрийгөө чамлах үе гарч байгааг нуугаад яах вэ.
-БНСУ-д гэр бүлийн хамт амьдардаг гэсэн. Бэлтгэл, тэмцээн гээд тэдэндээ хангалттай цаг, зав гаргаж амждаг уу?
-Би энд эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр оюутан, хүүхдүүд минь нялх. Дан ганц холимог тулаанаар хичээллэн амьдрах боломж хомс. Тиймээс ажлынхаа хажуугаар бэлтгэл хийдэг. Хүний нутагт тэднийгээ бусдаас дутаахгүй амьдрахын төлөө хичээж явна. Гэр бүлээ асран, ажлын завсраар бэлтгэл хийх амаргүй. Ажил тарсны дараа ядаргаа багатай байвал оройн цагаар бэлтгэл хийдэг.
Цаашид UFC, “One Championship” зэрэг дэлхийн алдартай холбоонд тоглох бодол, төлөвлөгөө бий юү?
-Мэдээж байлгүй яах вэ. Тулааны спортоор хичээллэж буй тамирчин бүхэн UFC холбоонд тоглон, аварга болохыг мөрөөддөг. Тэгэхийн тулд би юуны өмнө “Road FC” холбоонд түрүүлэх, хамгийн багадаа дахиад таван удаа ялах хэрэгтэй. Тэгсний дараа л UFC-д тоглох талаар төлөвлөх хэрэгтэй байх.
-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.