Монголын боксын спортын өнөөгийн хөгжил, тамирчдын амжилт, дасгалжуулагчдын ур, чадвар аль хэдийнэ дэлхийн хэмжээнд хүрч, өнгийг нь тодорхойлж буй гэдэгтэй хэн маргахгүй биз ээ. Түүхэн амжилтын түүчээ болж, эх орныхоо нэрийг олимп, дэлхийд цуурайтуулж яваа тамирчдыг бэлтгэж, амжилтад хүргэсэн олон шилдэг дасгалжуулагч манай улсад бий. Тэдний нэг бол яах аргагүй Дамдинбазарын Батсүрэн.
Тэрбээр сүүлийн гурван олимпод боксын үндэсний шигшээ багийн ахлах болон туслах дасгалжуулагчаар ажиллан, тавын таван медальтан төрүүлсэн гавьяатан. Монголын боксчид олимпоос долоон медаль хүртсэний тав нь түүний хөдөлмөрийн үр шим, нойр хоолоо умартан зүтгэсний үр шим гэж бодохоор бахархахгүй байхын аргагүй.
2007 оноос хойш шигшээ багийн дасгалжуулагчийн албанд зүтгэж, Лондоноос Риогийн олимпын мөчлөгт ахлахаар ажиллан, шавь Д.Отгондалайгаа олимпын хүрэл медальтан болгосон түүний хөдөлмөрийг төр засаг үнэлж, Сар шинийн босгон дээр Гавьяат дасгалжуулагч цолоор энгэрийг нь мялаасан билээ. Түүнтэй ярилцсанаа уншигч та бүхэнд сонирхуулъя.
-Боксын спортын хөгжлийн төлөө олон жил зүтгэсэн хөдөлмөрөө төр засагтаа үнэлүүлж, Гавьяат дасгалжуулагч болсонд тань баяр хүргэе.
Энэ цолоор шагнуулах гэж буйгаа мэдэх мөчид хамгийн түрүүнд юу бодогдож байв?
-Баярлалаа. Гавьяат дасгалжуулагч цолоор шагнуулахаар болсноо хоёр хоногийн өмнө мэдсэн. Манай холбооны ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ надтай утсаар холбогдон “Гавьяат дасгалжуулагч цолоор шагнах боллоо. Нүдээ олсон шагнал гэж үүнийг л хэлэх байх. 24-ний 11.00 цагт бэлэн байгаарай. Дүүдээ баяр хүргэе” гэсэн. Санд мэнд “Баярлалаа, ерөнхийлөгчөө” хэмээн утасныхаа дуудлагыг тасалсны дараа сэтгэл хөдлөн, тулгамдсан болоод ч тэр үү, өвдөг чичрээд, юу гэж хэлэх учраа олдоггүй ээ. Амьхандаа гэр бүлийнхэндээ хэлж, баярт мөчөө хуваалцах гэж мунгинаж байгаа нь тэр.
“Би Гавьяат дасгалжуулагч болох нь” хэмээн эхнэртээ хэлж, хамгийн түрүүнд бага охиноо тэврээд үнссэн. Энэ миний амьдралд тохиосон хамгийн аз жаргалтай мөчүүдийн нэг байлаа. 2016 онд ажил, амьдралд маань олон сайхан үйл явдал тохиолдсон. “Рио-2016” олимпоос алтын дайтай хүрэл медаль хүртсэн, мөн тав дахь үрээ өлгийдсөн. Мөн манай хамт олон “Бөртэ чоно” наадмаар шилдэг холбоо, тамирчин, дасгалжуулагчийн шагнал хүртлээ.
Олимпын медалийг минь урамшуулсан хамгийн том шагнал нь яахын аргагүй охин минь. Бага охин маань өнгөрсөн оны аравдугаар сарын 20-нд буюу Монголын тамирчин олимпоос анх медаль хүртсэн өдөр мэндлэхэд нь их гоё сэтгэгдэл төрсөн. Риогийн олимпын логотой өлгийгөөр охиноо өлгийдөн авахад сайхан санагдсан шүү. Монголын боксын холбоо, “Ариг” банкны хамт олон, үе үеийн боксчид, гэр бүлийнхэндээ баярлаж явдгаа энэ дашрамд илэрхийлье.
-Ерөнхийлөгчөөс Гавьяат цолоо хүртэх мөчид сэтгэл тань бүр их догдолсон байх.
-Тэгэлгүй яах вэ. Шагнуулж байхдаа “Хамт олондоо хурдан очих юмсан” гэж их яарч байлаа. Төрийн ордноос гарч ирэхэд манайхан шүгэлдэн, уухайлаад үнэхээр гоё угтсан. Энэ нь хамт олондоо нэр хүндтэй явдгийн маань илрэл болов уу. Би аль болох хүнд тус, дэм болохыг хичээдэг.
Аав маань Архангай аймгийн харьяат Ч.Дамдинбазар, ээж минь Увс аймгийн Завхан сумын уугуул С.Баярсайхан гэдэг хүн байсан. Тэд маань амьд сэрүүн байсан бол их баярлах байсан даа. Аав, ээж хоёрын минь орон зай, нөмөр нөөлөг их үгүйлэгдэж байлаа. Хүүгээ тэнгэрийн орноос харж байсан байх аа. Хөдөө орон нутаг, гадаадаас үе үеийн боксынхон, найз нөхөд маань баяр хүргэсээр байна. Цаашид улам их хичээх, зүтгэх урам, эрч хүч авлаа.
-Д.Отгондалай та хоёрын төрсөн өдөр нэг өдөр тохиодог, өнгөрсөн онд хоёулаа үрийн зулай үнэрлэн, олимпоос медаль хүртэж, Гавьяат цол хүртсэн нь ховор хувь тохиол байх.
-Тийм шүү. Бид багш, шавийн барилдлага тогтоосноос хойш 10 гаруй жил болж байна. 2016 оны шинэ жилээр Оки надад “Хүү нь танд итгэдэг шүү. Та надад итгээрэй. Хоёулаа олимпоос медаль хүртэн, хамтдаа Гавьяат цол хүртэнэ ээ” гэж хэлэхэд нь их бэлгэшээсэн, би.
Монгол хүн амны билгээр гэдэг үнэн юм билээ. Үүнд бас олимпоос медаль аваасай гэж хүсэж байсан монгол түмний сэтгэл, манай холбооны хамт олны дэмжлэг их нөлөөлсөн.
-Та сүүлийн гурван олимпод шигшээ багийн ахлах болон туслах дасгалжуулагчаар ажиллаж, медаль хүртлээ. Риогийн олимпод тамирчдынхаа гаргасан амжилтыг хэрхэн дүгнэж байна вэ?
-“Рио-2016” олимпод зургаан тамирчин сойж, Д.Отгондалай хүрэл медаль хүртэн, Э.Цэндбаатар медалийн оосроос атгаад алдан V байрт шалгарсан нь чамлахааргүй амжилт. Сэтгэл хангалуун байна. Э.Цэндбаатарыг хүрэл медалийн төлөөх тоглолтод ялсан АНУ-ын боксчинд мэргэжлийн боксын домогт аварга Флойд Мейвезер санал тавьж, гэрээ байгуулсан байна лээ. Д.Отгондалай Алжирын боксчныг дийлж, хүрэл медалийн болзол хангах мөч хүртэл санаа зовниж байсныг нуугаад яах вэ.
Тэр үед нуруун дээрээс том чулуу аваад хаячих шиг л болсон. Дөрвөн жилийн турш нойр, хоолоо умартан зүтгэсэн хөдөлмөрийн үр дүн гарахад сэтгэл тайвширдаг юм билээ. Гурван ч дэлхийн аваргад шүүлтийн булхайгаар амжилтаа луйвардуулсан Окигоо олимпын медальтан болоход магнайгаа хагартал баярласан даа.
Тангараг өргөсөн, “Хилчин” спорт хорооны хоёр тамирчин олимпоос медаль хүртсэн нь ховор тохиолдол. Нэг танил маань бүр “Бүх тамирчнаараа тангараг өргүүлж байя” хэмээн хошигносон шүү.
-Гэхдээ 60 кг-д Бразилын тамирчин К.Робсонг аварга болгохын тулд Д.Отгондалайг мөнгөн медалийн төлөөх тоглолтод шүүлтийн луйвраар ялагдуулсан гэх шуугиан одоо ч намжаагүй байна.
-Үнэн л дээ. Риогийн олимпын боксын төрөлд түрүүлсэн Бразилын ганцхан тамирчин нь К.Робсон. Тэр өмнө нь Д.Отгондалайд гурван удаа дийлдсэн. Хэрвээ алтан медалийн төлөө Окитой тогловол ялагдах магадлал ихтэй. Тиймээс Окигоос сул өрсөлдөгчтэй тоглуулж, аварга болгох гэсэн эзэн орны сонирхол байлаа.
Тэгэхийн тулд манай тамирчныг Францын С.Үмия шүүлтийн булхайгаар ялсан. Хэрвээ 60 кг-ын шигшээд Бразилын боксчин шалгараагүй бол шударга шүүх байсан нь лавтай. Тэгсэн бол Д.Отгондалай С.Үмияг дийлж, бүр цаашлаад К.Робсонг ялж, олимпын аварга болох нөөц хангалттай байсан. Өмнө нь гурван удаа ялсан болохоор олимпод дахиад яагаад дийлж чадахгүй гэж.
-Шүүлтийн талаар гомдол гаргах боломж байсан уу?
-AIBA (Олон улсын боксын холбоо)-гийн шинэчилсэн дүрмээр тэмцээний үеэр шүүлтийн талаар гомдол гаргахыг хориглосон. Тиймээс тэгэх боломж байгаагүй ээ.
-Та боксын спортод анх хөл тавьсан үеийнхээ дурсамжаас хуваалцана уу?
-Бага байхад манай хажуу хашаанд Азийн хошой аварга Х.Алтанхуяг багшийн эгчийнх нь хүүхдүүд болох Пан Азийн аварга Нэмэхбаяр, Хосбаяр нар амьдардаг байлаа. Тэдэнтэй хамт бокс тоглож, багаасаа энэ спортыг шимтэн, сонирхож өссөн дөө. 1990 онд залуучуудын шигшээ багийн тамирчин болж, насанд хүрэгчдийн УАШТ-д гурван удаа түрүүлсэн.
Тэр үед “Гермес” клубт бэлтгэлээ базаан, тамирчдаа дасгалжуулан тэмцээнд оролцдог байсан нь миний амжилт, ур чадвар хурдан ахихад их нөлөөлсөн. 2007 оны ДАШТ-ий дараа боксын үндэсний шигшээ багийн туслах дасгалжуулагчаар ажиллаж байсан М.Мөнхжаргал багш зуурдаар бурхан болсон юм.
Улмаар МБХ-ноос зарласан сонгон шалгаруулалтад тэнцэн, Д.Банди багштай хамт Бээжингийн олимпод тамирчдаа дасгалжуулсан даа.
-Бээжингийн олимпоос Монголын боксчид анхны аваргаа өлгийдөж, мөнгөн медаль хүртсэн нь яах аргагүй түүхэн амжилт. Тэр бол таны амьдралд тохиосон хамгийн аз жаргалтай мөч болов уу?
-Тэгэлгүй яах вэ. Тэр мөчийг өчигдөрхөн мэт тод санаж байна. Э.Бадар-Ууган, П.Сэрдамба нар аваргын төлөө шалгарахад нь бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрсөн шүү. “Н.Түвшинбаяр аваргын амжилтыг хоёулаа давтаж, Монгол Улс олимпын гурван аваргатай болчихвол хэчнээн сайхан бэ” гэх бодол төрж байлаа. Харамсалтай нь, П.Сэрдамба олимпын өмнө мөрөө бэртээсэн нь түүний тоглолтод их нөлөөлсөн.
Хэрвээ тэгж бэртээгүй байсан бол түрүүлэх байсныг үгүйсгэх аргагүй. Үүний сацуу БНХАУ 50 дахь алтан медалиа авахын төлөө их хичээсэн л дээ. Цэнгэлдэхэд хоёр баатартайгаа хамт олимпын медалийг нь барин авахуулсан зургаа харах бүрт сайхан санагддаг. Улмаар Лондоны олимпод Н.Төгсцогт мөнгө, У.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль хүртэж, амжилтын буухиаг үргэлжлүүлсэн.
У.Мөнх-Эрдэнэ олимпод гурав дахь удаагаа оролцон, медаль авахад нь “Ясны боксчин ийм л байдаг даа” хэмээн бодож, шавиараа бахархаж билээ. Монголын долоон боксчин олимпоос медаль хүртсэний тавыг нь олимпод дасгалжуулснаараа бахархдаг, би.
-БНХАУ, Монгол Улстай наймаалцаж, Э.Сэрдамбыг ялагдсаны хариуд “Буянт-Ухаа” спорт цогцолборыг барьж өгсөн гэх яриа спорт сонирхогчдын дунд бий. Энэ үнэн үү?
-Тийм зүйл болоогүй ээ. Ор үндэслэлгүй цуу яриа шүү.
-Тамирчдын бэлтгэл, тэмцээн уралдааны хажуугаар гэр бүлийнхэндээ хангалттай зав гаргаж амжиж байна уу?
-Үнэнийг хэлэхэд тамирчдын бэлтгэл, тэмцээн гээд гэртээ харьж амжилгүй хэдэн сар болохыг алийг тэр гэх вэ. Тамирчид маань л амжилт гаргаж байвал бусад нь яах вэ гээд гэр бүлээ хоёрдугаарт тавьдгаа нуугаад яах вэ. Миний хань намайг ойлгож, үргэлж дэмждэгийн буянаар өдий зэрэгтэй яваа хүн дээ, би. Гэр бүлдээ цаг гаргасангүй гэх үл ойлголцол ер гардаггүй.
-Та Риогоос Токиогийн олимпын мөчлөгт шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар улиран сонгогдсон. Багаа хэрхэн бүрдүүлэхээр төлөвлөж байна вэ. Риогийн олимпод өрсөлдсөн баг дээр тулгуурлах уу, эсвэл залуу үеэ дэмжих үү?
-“Токио-2020” олимпод ямар амжилт гаргах, хэчнээн медаль авах нь шигшээ багаа хэрхэн бүрдүүлэхээс л шалтгаална. Тамирчдаа зөв сонгож, бэлтгэлийг нь зөв системтэй хийж чадвал амжилт ойрхон байгаа нь мэдээж.
Шигшээ багийн тамирчны сонгон шалгаруулалтын дүн гарч, бүрэлдэхүүн нь тодорхой болсон ч Биеийн тамир спортын газраас хараахан батлаагүй байна.
-Өөр өөр дасгалжуулагчийн удирдлага дор бэлтгэл хийдэг, тэс өөр арга барилтай тамирчдыг дасгалжуулж, атгасан гар шиг эвтэй байлгах амаргүй. Таны гол арга барил юу вэ?
-Тэрний, энэний шавь гэж тамирчдаа алагчлалгүй, аль болох урам өгч, дэмжих хэрэгтэй. Амжилт гаргасных нь дараа хамт олныхоо дунд “Манай Түвшинбат олон улсын тэмцээнд түрүүллээ. Баяр хүргэе” гэхэд хүртэл их урамшдаг юм. Ахмад үеэ үгүйсгэлгүй үргэлж хүндэлж, суралцах нь зүйтэй.
-Өнгөрсөн жилийн ДАШТ-ий дараа танаас ярилцлага авахад “Эхний тэмцээнээс 3-4 олимпын эрх авах зорилготой” гэсэн тань биелж, Монголын боксчид дөрвөн эрх хүртсэн. Нарийн тооцоо, судалгаатай ажилласны л үр шим байх.
-ДАШТ-д хэрхэн өрсөлдөв, бусад орны тамирчдаас хэн хэн олимпын эрхийн төлөө хүч сорих боломжтой талаар нарийн судалж байгаад тэгж хэлсэн юм.
Тэр ярилцлага гарсны дараах хурал дээр манай холбооны нэг хүн “Д.Батсүрэн багш 3-4 эрх авна гэж том амласан байна. Тийм боломж байхгүй” гээд бүр “Таван цагариг” сонин барьчихаад шүүмжилсэн шүү дээ (инээв).
-Удахгүй Азийн АШТ-ий бэлтгэлээ базааж эхэлнэ. Энэ тэмцээний жин бүрт эхний IV-д шалгарсан тамирчид ДАШТ-д оролцох эрх авах учиртай. Ямар зорилготой оролцох вэ?
-Үнэнийг хэлэхэд бусад орны шигшээ багийнхан олон сарын өмнө бүрдэж, 2-3 тэмцээнд оролцчихсон. Харин манай боксчид одоо л бүрдэж, бэлтгэлээ хийж эхлэх гэж байгаа тул яг тийм амжилт үзүүлнэ гэж хэлэхэд бэрх байна.
Энэ жилийн Азийн АШТ дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ. Бид бэлтгэлээ энэ сарын 9-нөөс сарын хугацаанд базаахаар төлөвлөж байна. Мэдээж бүх тамирчнаа жин тус бүрийн эхний VI байрт шалгаруулж, ДАШТ-ий эрх авахын төлөө хичээнэ ээ.