Олимпын төрлийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдын сонгон шалгаруулалт ид үргэлжилж байна. Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Б.Баттулга, эрэгтэйчүүдийнхэд Б.Батзориг, эмэгтэйчүүдийнхэд Ц.Баярсайхан нарыг томилоод буй.
Тэгвэл эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн сонгон шалгаруулалтын үеэр З.Дүвчин дасгалжуулагчийн шавь, олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга, Гавьяат тамирчин С.Батцэцэг, ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяа, ОУХМ Ш.Түмэнцэцэг нар нэрээ татжээ.
Энэ талаар дасгалжуулагч З.Дүвчингээс тодруулахад “Аливаа зүйл цаг хугацаатай. Үүний адил спорт бол залуу насны ажил. Тиймээс залуу үеэ бэлтгэж, дэмжих нь их чухал. Гурван шавь маань шигшээ багт 10 гаруй жил зодоглож, тив, ДАШТ-д эх орныхоо нэрийг цуурайтуулсаар байна. Дахиад олон амжилт гаргах нөөц, боломж тэдэнд бий. Гэхдээ тэд Риогоос Токиогийн олимпын цикльд залуу үеэ дэмжих зорилгоор үндэсний шигшээ багаас нэрээ татаж, орон тооны бус багт орох хүсэлт гаргасанд нь олзуурхаж байна. Энэ талаар надтай ярилцаж, зөвлөөгүй ээ. Өөрсдийнх нь л гаргасан шийдвэр. Энэ санаачилга нь залуу тамирчдад урам өгч, боломж олгох нь дамжиггүй” гэлээ.
Сонирхуулахад, манай тамирчид эрэгтэйчүүдийн Дэлхийн цомд оролцохоор өчигдөр Иран улсыг зорилоо.