“Приус-30” машин хөлөглөн эх орноосоо мордсон манай хоккейчид бэнди буюу бөмбөгтэй хоккейн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн, монгол түмнээ баярлуулсан билээ. Өнгөрсөн жилийн амжилтаа ахиулж, өвлийн төдийгүй багийн спортын төрөлд дэлхийн дэвжээнээс медаль хүртсэн нь яах аргагүй түүхэн амжилт.
Монголын шигшээ багийнхан зардлаа хэмнэхийн тулд Улаанбаатараас Эрхүү хот хүртэл машинаар явж, тэндээс Швейд хүртэл онгоцоор нисэж, 11 жил тээсэн зорилгодоо хүрсэн юм. Тэд буцахдаа ч энэхүү маршрутаараа явсаар өчигдөр шөнө эх орондоо ирлээ.
Монголын хоккейн шигшээ багийн ахлах дасгалжуулагч А.Мэргэнтэй ярилцлаа
-Манай тамирчдад хүрэл медаль их ээлтэй бололтой. Та бүхэн энэ тэмцээнээс гадна “Asian Challenge cup”-ын дөрвөн хүрэл медальтай.
-Тийм шүү. Хүрэл медаль бидэнд их ээлтэй. Манай багийнхан ДАШТ-д 2006 оноос хойш оролцож байна. Энэ жил 11 жил тээсэн зорилгодоо хүрч, дэлхийн медальтнууд боллоо. Сэтгэл их хөдөлж, тамирчдаараа бахархаж байна. Бид нөхцөл боломж тааруу, төрөөс дэмждэггүй гэж хойш суулгүй тууштай зүтгэснийхээ үр шимийг хүртлээ. Олзны бага нь амттай шүү дээ.
Тэгээд ч зөвхөн хожиж байж л хүртдэг болохоор хүрэл медаль их сайхан. Би тамирчдаа их өрөвддөг. Манай хоккейчид арав гаруй жил ар гэр, амьдралаа хойш нь тавьж зүтгэчихээд өндөр амжилт гаргаж чадахгүй ирэх бүрт нь сэтгэл өвддөг байлаа. Энэ хугацаанд бид хэрхэн хөдөлмөрлөж, ямар их саад бэрхшээл даван туулсныг үгээр илэрхийлэхийн аргагүй.
Жил бүр “Хэрвээ медаль хүртэж чадахгүй бол яана. Дараа жил дахиад зүтгээд үзье гэж багийнхандаа яаж хэлнэ ээ” гэж их санаа зовдог байсан, би. Энэ жил том давааны ард гарлаа.
-Хүрэл медалийн төлөөх тоглолтод Японы шигшээгийнхэнтэй тоглосон. Хэсэгтээ хожсон болохоор дахиад дийлнэ гэдэгтээ итгэлтэй байсан болов уу?
-Тэгэлгүй яах вэ. Багийн спортод биенээ ойлгох, өрсөлдөгчөө ялна, дийлнэ гэх сэтгэл зүй их чухал. “Өмнө нь 7:0-ээр дийлсэн болохоор яагаад дахиж хожиж чадахгүй гэж” гээд л биенээ хурцалж байлаа. Хэрвээ дахиад дийлдвэл медалиас мултарч, өнгөрсөн жилийнх шиг сэтгэл гонсгор буцна гэж бодохоор нэлээд сандарч, догдолсон шүү.
Хамгаалж өрсөлдвөл өрсөлдөгчийнхөө тоглолтын хэмнэлд ордог гэмтэй. Тиймээс эхнээс нь давамгайлан, урагш довтолж тоглохыг хичээлээ. Энэ маань ч үр дүнгээ өглөө. Шүгэл дуугарч, 6:5-аар хожих мөчид өөрийн эрхгүй нулимс урссан. Энэ амжилт бол өдий хүртэл бид атгасан гар мэт эвтэй, нэгдмэл байсны л гавьяа.
Биднийг өдий хүртэл үргэлж дэмжсээр ирсэн Монголын хоккейн холбооны ерөнхийлөгч Даваасамбуу, дэд ерөнхийлөгч Жавхлан, Батбаатар нартаа болон хоккейн спортыг дэмжигч хувь хүн, албан байгууллага, монголчууддаа талархаж явдгаа энэ дашрамд илэрхийлье.
-Хагас шигшээд Канадын хоккейчдод дийлдсэн. Хожих боломж байсан уу?
-Канадчуудыг хоккейн спортгүйгээр төсөөлөхийн аргагүй. Манайхаар бол үндэсний бөх л гэсэн үг. Мэргэжлийн 3000 гаруй тамирчин, 2700-гаад мөсөн ордонтой. Хагас шигшээд Канадын багтай өрсөлдсөн нь нэр төрийн хэрэг гэхэд хилсдэхгүй.
Бид өөрсдийгөө доош нь хийж байгаа юм биш шүү. Энэ спортын хөгжил, бэлтгэлийн орчин тэнгэр газар шиг ялгаатай болохоор тэр. Тэднийг хожих боломж бидэнд байсан гэхэд буруудахгүй байх. Учир нь ганцхан онооны зөрүүтэй дийлдсэн шүү дээ.
-Хэсгээ тэргүүлсэн хоёр баг хагас шигшээд өрсөлдсөн нь спорт сонирхогчдын анхаарлыг их татаж байна. Бусад лиг, тэмцээний журмаар бол хэсгээ тэргүүлсэн баг нөгөө хэсгээс хоёроор гарсантайгаа өрсөлдөх учиртай...
-Харин тийм ээ. Бид анхандаа их гайхаж байлаа. Гэтэл ДАШТ-ий дүрэм нь ийм юм байна. Манайхан өмнө нь медалийн төлөө тоглож байгаагүй болоод ч тэр үү, анзаараагүй явж.
-Хэрвээ тактикийн тоглолт хийж, Унгарын шигшээд албаар хожигдон, хэсгээсээ хоёроор гарсан бол медалийнхаа өнгийг хувиргах боломж байсан уу?
-Үнэнийг хэлэхэд тэгдэг байж дээ гэж бага зэрэг харамсаж байна. Бидэнд хэсгийн тоглолтод хожигдсон Унгарын багийг аваргын төлөө шалгарахад нь их сонин санагдсан. Гэхдээ өнгөрсөн зүйлийн араас тэгсэн, ингэсэн бол гэж ярих дэмий. Бусдаас алдаагаа хайж, өөрсдийн гэмээ анзаарахгүй байх вий гэж их эмээж байна.
-Та бүхэн зардлаа хэмнэхийн тулд эх орноосоо машинтай гарч Эрхүү орон, тэндээсээ Швед рүү ниссэн гэж сонссон. Замдаа их ядарна, техникийн саатал гараад, тэмцээнээсээ хоцрох ч эрсдэлтэй. Энэ шийдвэрийг хэрхэн гаргасан бэ?
-Яалт ч үгүй замын зардал дутаад, мөнгөний гачигдалд орох үед хүн төрөл бүрийн арга эрэлхийлдэг юм билээ. Хэрвээ ганцхан хүн байсан бол нэг их чанарын ялгаа гарахгүй. Багаараа, 24-үүлээ явсан болохоор эндээс машинаар Эрхүү ороод, тэндээс Швед рүү нисээд, буцаж ирэхэд 30 сая төгрөг хэмнэх боломжтой.
Тиймээс “Пруис” маркийн гурван автомашин, тус бүр нэг “Probox”, дунд гарын жипээр явлаа. Эндээс дөнгөж хөдөлж явахад жолоо барьж явсан манай нэг тоглогч торгуулхад нь их бэлгэшээн “Барцад ариллаа. Медаль баараггүй байх аа” хэмээн наргиа хийж байсан маань айсуй ялалт, түүхэн амжилтыг зөгнөж байжээ.
-Улаанбаатараас Эрхүү хүртэл автомашинаар явах амаргүй. Замдаа ямар нэгэн саад, бэрхшээлтэй тулгарсан уу?
-Алтан шар зам ивээлээ хайрлан, саатаж будилсангүй ээ. Улаанбаатараас Эрхүү хот ороход зөвхөн нэг талдаа 1024 км. Бүтэн гурван өдөр шахам -42 градусын хүйтэнд давхисаар байгаад очлоо. “Приус” ч үнэхээр бөх унаа юм аа (инээв). “Приусны босс” шиг л яваад ирлээ, бид.
-Энэ тэмцээний өмнөх бэлтгэлээ хэрхэн базаасан бэ?
-Монголд өвлийн спортын тамирчид бэлтгэлээ базаах мөсөн ордон, бэндигийн зориулалтын талбай, шигшээ баггүй нь бидэнд хүндрэлтэй байдаг. Шайбтай хоккейн шигшээ багийн тамирчдаар багаа бүрдүүллээ. Үндэсний лигт гаргаж буй амжилтыг нь харгалзан тамирчдаа сонгосон.
ДАШТ-ий өмнөх бэлтгэлээ 10 хоногийн хугацаанд базаалаа. Манай тамирчид XV дугаар хороолол дахь шайбтай хоккейн жижиг талбай дээр бэлтгэлээ хангасан. Энэ тэмцээний өмнөхөн үндэсний лигийн эхний тойргийн тоглолтууд болсон нь манай тамирчдын амжилтад чамгүй их нөлөөлсөн.
-Манай баг ОХУ-ын гурван легионероор хүчээ сэлбэсэн нь их нэмэр боллоо. Тэднийг багтаа тоглуулах гарцыг хэрхэн олов?
-Олон улсын бэндигийн холбооноос баг бүрт гурваас доош легионер тоглуулан, ДАШТ-д оролцохыг зөвшөөрдөг. Гадны тоглогчдыг багтаа хүчин зүтгүүлж, ур чадвараас нь суралцах юмсан гэж олон жил зорьсон, би. Тиймээс зөвхөн энэ тэмцээнд оролцохын тулд ОХУ-ын Мурзин, Айсбруннер, Радионов нарыг багтаа тоглууллаа.
Тэдний ухаалаг тоглолт, ур чадвар манай багт их дэм болсныг нь магтахгүй байхын аргагүй. И.Радионовыг Шведийн лигийн нэг баг сонирхож, тоглох санал тавьсан. Тэр шайбтай хоккейн дэлхийн аварга эхнэртэй мундаг хоккейчин.
-Хэчнээн төгрөгөөр цалинжуулж, багтаа тоглуулсан юм бэ?
-Энэ талаар тодорхой хэлмээргүй байна аа. Бид амжилт гаргаж, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгахын төлөө юу ч хайрлаагүй.
-Манай хоккейчдын ур чадварыг гаднынхан их магтсан. Хэн нэгэнд нь бусад орны лигээс санал ирсэн үү?
-Хэдхэн сарын хугацаанд, ийм хүйтэнд бэлтгэл хийдэг мөртлөө яаж ийм өндөр амжилт гаргаж байна гэж гадны мэргэжилтнүүд их гайхсан. Бүр зарим нь толгой сэгсэрч байна лээ. Тогтмол бэлтгэл хийдэг, мөсөн ордонтой болчихвол манай тамирчдын амжилт, ур чадвар хурдан ахих нь дамжиггүй.
Өнгөрсөн жилийн ДАШТ-ий дараа Мөнгөлдэй, Баярсайхан нарт гадны лигээс санал ирсэн ч эх орондоо амьдрахыг илүүд үзсэн. Харин энэ жил ямар нэгэн санал албан ёсоор ирээгүй ээ.
-Бэнди, шайбтай хоккейн гол ялгаа юунд нь байдаг вэ?
-Бэнди шайбтай хоккейгоос хэцүү. Тамирчдаас тэсрэлт, өндөр хурд шаарддаг, шайбтай хоккей шиг биеийн хүчний, бохир тоглолтыг хориглодог. Бэнди хавьгүй том талбайтай. Хэсгийн тоглолт 30 минутаар хоёр үе, шигшээ нь 45 минутаар мөн хоёр үе үргэлжилдэг.
-Манай тамирчдад шайбтай хоккейн дэлхийн аваргад оролцох боломж бий юу?
-Байлгүй яах вэ. Гэхдээ ДАШТ-д оролцох орнуудад хамгийн түрүүнд мөсөн ордонтой байх шаардлага тавьдаг. Дараа нь урьдчилсан шатны тэмцээнд оролцуулна.
Бид одоогоор мөсөн ордонгүй учраас ДАШТ-д оролцох боломжгүй. Мөн Азийн АШТ зэрэг томоохон тэмцээнийг эх орондоо зохиох бодол бидэнд их бий. Харамсалтай нь, мөсөн ордонгүй болохоор тэгэх боломж алга.
-Мөсөн ордон барих асуудлыг олон жил ярьж байна. Энэ талаар өвлийн спортын бусад холбоотой санал солилцсон уу?
-Энэ талаар үргэлж ярилцдаг, бусадтай санал бодлоо солилцдог. Мөсөн ордон барина гэж дээр, дооргүй ярьдаг ч ажил хэрэг болголгүй явсаар өдий хүрлээ.
Мөсөн ордон бариад өгөөч хэмээн төр, засгаасаа хүсч буйгаа танай сониноор дамжуулан уламжилъя. Бидэнд шагналаас илүү мөсөн ордон хэрэгтэй байна.
-Ойрын хугацаанд ямар тэмцээнд оролцох вэ?
-Энэ сарын 17-19-нд болох өвлийн наадамд оролцоно. Тэмцээний бэлтгэлээ хоёр долоо хоногийн хугацаанд Эрдэнэтэд хийхээр төлөвлөсөн. Мөн үндэсний лигийн аваргын төлөөх тоглолтууд маргааш эхэлнэ.