Монголын чөлөөт бөхийн спортын өнөөгийн хөгжил, тамирчдын амжилт, ур чадвар аль хэдийнэ дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүрсэн гэдэгтэй хэн ч маргахгүй бизээ. Түүхэн амжилтын түүчээ болж, эх орныхоо нэрийг тив, дэлхийд дуурсгаж яваа олон шилдэг тамирчин манай улсад бий.
Тэдний нэг бол яах аргагүй Даваасүхийн Отгонцэцэг. Тэрбээр саяхан болсон олимпийн бус жингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, монгол түмнээ баярлуулсан билээ. Д.Отгонцэцэг ийнхүү дэлхийн аваргын хос медальт тамирчин болсон нь энэ. Түүнийг 2011 оны ДАШТ-ээс мөнгөн медаль авснаар нь спорт сонирхогчид андахгүй.
Хэрвээ шударга шүүсэн бол дэлхийн аварга болох байсан тухай өдгөө ч бөх сонирхогчид харамсдаг. Дэлхийн аваргын төлөөх барилдааных нь тухай түүний багш, гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан " Ямар ч тэмцээнд, хэн ч байсан эзэн орны давуу тал гэж айхтар зүйл байдаг.
Хэрвээ шударга шүүсэн бол миний шавь Д.Отгонцэцэг ч бас дэлхийн аварга болох байсан шүү дээ. ОХУ-ын бөхөд “хийлгээд” мөнгөн медаль авсныг хүн бүхэн мэднэ дээ" хэмээн халаглан өгүүлсэн удаатай.
Гэхдээ дэлхийн дэд аваргын амжилтаа төрд бүрэн үнэлүүлж чадаагүй яваа тамирчин гэдгийг нь тодотгох нь зүйтэй байх. 2011 оны ДАШТ-ээс мөнгөн медаль авснаас нь хойш бүр хоёр жилийн дараа "Алтан гадас" одонгоор шагнасан.
Д.Отгонцэцэг Лондоны олимпийн дараа үрийн зулай үнэрлэж, их спортоос түр хугацаанд хөндийрсэн. Улмаар 2014 оноос эргэн ирж, энэ онд л гэхэд Азийн аваргад түрүүлж, ДАШТ-ээс хүрэл медаль авснаар нь бахархахгүй байхын аргагүй.
Амаржсанаасаа хойш гуравхан жилийн дотор формондоо орж, дэлхийн аваргаас медаль авах амаргүй нь мэдээж. Энэ бол түүний дэлхийн хэмжээний тамирчны илрэл. "Хасу Мегастарс" клубийн тамирчин, ОУХМ Д.Отгонцэцэгтэй ярилцсанаа уншигч та бүхэнд сонирхуулъя.
-Юуны өмнө ДАШТ-ий хос медальтай тамирчин болсон танд баяр хүргэе. ДАШТ-ээс анх мөнгөн медаль авснаасаа хойш таван жилийн дараа хүрэл медаль хүртлээ.
-Баярлалаа. Дэлхийн аваргад долоо дахь удаагаа оролцон, хос медальтан болсондоо баяртай байна. Энэ жилийн ДАШТ анх удаа олимпийн бус жингүүдээр тусдаа болсноороо онцлогтой.
Эхний тойрогт хийлж, удаах даваанд Азербайжаны бөх А.Колесникийг ялсан ч ДАШТ-ий мөнгөн медальт, Европын аварга, Оросын бөх И.Ологоновад дийлдлээ. Улмаар дагах тойрогт Германы Ж.Шеллин, хүрэл медалийн төлөөх барилдаанд Беларусийн К.Янушкевичийг яллаа.
ДАШТ-д оролцохоор явахын өмнө медаль авах мэдрэмж надад их төрсөн. 2011 оны ДАШТ-ээс мөнгөн медаль авахын өмнө яг ийм мэдрэмж төрж байлаа. Манай клубийнхэн энэ онд амжилт арвинтай, өнгөлөг байна. Саяхан болсон олон улсын тэмцээнд л гэхэд А.Батцэцэг түрүүлсэн. Бид энэ жил бэлтгэлээ шаргуу базааж, атгасан гар мэт зүтгэснийхээ үр шимийг хүртэж байна.
Зөвхөн миний төдийгүй манай тамирчдын өнөөгийн амжилт "Хасу Мегаватт" компанийн захирал Ж.Түмэн-Аюуш ахтай салшгүй холбоотой. Намайг үргэлж дэмждэг Монголын чөлөөт бөхийн холбоо, Биеийн тамир спортын газар, Ж.Түмэн-Аюуш захирал, Ц.Баярсайхан дасгалжуулагч, Анагаах ухааны албаны эмч Саранцацрал, Унгарын элчин сайд З.Батбаяр, чөлөөт бөхийн спортод хайртай монголын ард түмэндээ баярлаж явдгаа илэрхийлье.
-ДАШТ-ий хос медальтан болж, шагналын тавцанд зогсож байхдаа юу бодов. Өмнө нь дэлхийн аваргын төлөө барилдаад, дэд аварга болчихсон тул сэтгэл хөдлөл харьцангуй бага байсан болов уу?
-Мөнгөн медаль авч байх үеэс илүү сэтгэл хөдөллөө. Мөнгөн медалийг ялагдаж, хүрэл медалийг заавал дийлж байж л хүртдэг болохоор илүү үнэ цэнэтэй байдаг юм байна.
Тамирчин бүхэн олимп, дэлхийн аварга зэрэг томоохон тэмцээнд аваргалж, эх орныхоо нэрийг дуурсгахыг зорьж, мөрөөддөг. Миний зорилго ч бас тийм.
Хүрэл медалиа энгэртээ гялалзуулан, шагналын тавцанд зогсоод төрийн далбаагаа мандуулж байхдаа төрж өссөн өлгий нутаг, төрүүлж өсгөсөн ижий аав, чөлөөт бөхөд хайртай монгол түмэн, Ж.Түмэн-Аюуш захирал, Ц.Баярсайхан багшаараа их бахархлаа.
"Би чадлаа. Эх орныхоо төрийн далбааг дэлхийн аваргын дэвжээнд хоёр дахь удаагаа мандууллаа" гээд өөртөө хэлэхэд их сайхан санагдсан. Хэрвээ аль нэгэнд нь түрүүлсэн бол бүр төрийн дууллаа эгшигдүүлэх байсан даа гэж бодохоор бага зэрэг харамсал төрөх л юм.
-Та энэ жилийн Азийн АШТ-д түрүүлсэн. Тиймээс бэлтгэл сайтай, дэлхийн аваргаас медаль авна гэдэгтээ итгэлтэй байсан болов уу?
-Мэдээж тамирчин хүн ямар ч тэмцээнд өндөр амжилт гаргана, түрүүлнэ гэж зорьж л оролцдог. Өөртөө итгэлтэй л байх хэрэгтэй. Тэгэхгүй бол амжилтад хүрч чадахгүй шүү дээ.
-Хэрвээ өрсөлдөгчдөө дийлдвэл медалиас мултардгаараа хүрлийн төлөөх барилдаан онцлогтой. Тийм чухал барилдааны өмнө ямар тактик боловсруулж дэвжээнд гарсан бэ?
-Хэрвээ хожвол дэлхийн аваргын хос медальтан болох, дийлдвэл V байрт шалгарах хариуцлагатай барилдаан байлаа. Багш маань “Миний охин чадна аа” гээд надад урам хайрласан.
Сэтгэл санаа тогтвортой, бэлтгэл сайтай байсан болохоор ялна гэдэгтээ эргэлзээгүй. Барилдааны эхнээс санаачлагыг гартаа авч, илүүрхэж барилдах тактик боловсруулсан.
Янушкевичийн өмнөх барилдаануудыг ажиглахад хөлөө амархан алддаг нь анзаарагдсан. Барилдааны эхэнд түүний хөлийг авах гэж хоёр удаа зүтгэсэн ч мэх дутуудсан. Гурав дахь оролдлогоо оноо болгосон маань барилдаанд их нөлөөллөө.
-ДАШТ-д оролцох тамирчдыг сорил тэмцээнээс сонгосон. Тус тэмцээнд түрүүлж, дэлхийн аваргад оролцох эрх авна гэх итгэл хэр их байсан бэ?
-Бэлтгэл сайтай байсан болохоор өөртөө итгэлтэй байсан. Гэхдээ заавал түрүүлж, ДАШТ-д оролцоно гэж шунаагүй ээ.
Сорил тэмцээний 55 кг-д манай клубээс А.Батцэцэг бид хоёр барилдсан. Бид хоёрын нэг нь л түрүүлж, ДАШТ-д оролцох эрх авах байх гэж таамаглаж байлаа.
-Таны үндсэн жин 53 кг. Сая ДАШТ-д 55 кг-д барилдлаа. Цаашдаа аль жинд зодоглох вэ?
-Мэдээж 53 кг-д барилдана.
-Та Лондоны олимпийн дараа үрийн зулай үнэрлэсэн. Амаржсаныхаа дараа бэлтгэлээ хийх, формондоо орох амаргүй байсан нь мэдээж.
-Би 2013 оны наймдугаар сард амаржсан. Хүүхдээ 2-3 сар хүрснийх нь дараа хөнгөн бэлтгэл хийж эхэлсэн. Бэлтгэлийн ачааллаа хэрхэн тохируулах зэрэг бүх зүйлийг багш маань л таарууллаа. Ц.Баярсайхан багш маань үнэхээр агуу хүн.
Багшийнхаа дасгалжуулалтын ур чадвар, ур ухааны ачаар формондоо харьцангуй хурдан орсон, би. Хүүхэд гаргахаасаа өмнө жил бүр л УАШТ-д түрүүлдэг байлаа.
Харин 2014 онд хүрлийн төлөөх барилдаанд дийлдэж, медалиас мултарсныхаа дараа алдаа оноогоо нэлээн дүгнэж, бэлтгэлээ улам чамбайруулсан.
Тэрнээс хойш ер нь формоо бариад, бэлтгэл жигдэрсэн.
-Таны өнөөгийн амжилт, чөлөөт бөхийн спорттой амьдралаа холбосон тань “Зидан” хочит, гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхантай салшгүй холбоотой. Түүнтэй багш, шавийн барилдлага тогтоосон дурсамжаасаа хуваалцана уу?
-Би чөлөөт бөхийн спортоор 14 настайгаасаа хойш хичээллэж байна. Багш бид хоёр хоёулаа Дархан-Уулынх. Зургаадугаар ангид сурч байхдаа багшийнхаа шавь нь болж байлаа. Тэр цагаас хойш 12 жилийн турш багшийнхаа удирдлага дор бэлтгэлээ хийж, “Хасу Мегастарс”-аар овоглож явна.
Намайг хамгийн сайн ойлгож, үнэтэй зөвлөгөө, сургаал хайрладаг хүн бол багш маань. Багштайгаа хамт олон тэмцээнд оролцож байна. Миний өнөөгийн амжилт Ц.Баярсайхан багштай салшгүй холбоотой.
Энэ дашрамд дурьдахгүй, дурсахгүй өнгөрч боломгүй хамгийн чухал хүн бол Ж.Түмэн-Аюуш захирал. Зөвхөн бидний төдийгүй Монголын чөлөөт бөхийн спортын төлөө их зүйл хийж, хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа хүн. Биокомбинатад иж бүрэн "Эко" спорт цогцолбор байгуулсан.
Гаднаа сагсан бөмбөг, хөлбөмбөг, волейбол, софт теннис, хөнгөн атлетикийн талбайтай. 60 хүн амарч, 100 хүн байрлах байр, 400 хүн хооллох хүчин чадал бүхий гал тогоотой. Мөн спорт заал, чөлөөт бөхийн дэвжээ, бялдаржуулах тэнхимтэй.
"Эко" спорт цогболборыг байгуулснаас хойш Өнөрөө ах бид хоёр дэлхийн аваргаас медаль авлаа. Манай бусад тамирчдын амжилт, ур чадвар эрс ахьсан. Ингэж бүх зүйлийг нь бэлдээд, дэмжиж явдаг Ж.Түмэн-Аюуш захирлынхаа ачийг амжилтаар хариулж явах юм л гэж бодож явдаг, бид.
Ц.Баярсайхан дасгалжуулагч, Ж.Түмэн-Аюуш захирал хоёр багийн найзууд. Бид Дарханаас Улаанбаатар хотод ирснээс хойш Түмэн-Аюуш туслаж, дэмжиж байна. Хотод анх ирснийхээ дараа 10 дугаар хороололд хоёр өрөө байранд 10 гаруйлаа амьдарч байсан маань санаанаас ер гардаггүй.
Эрэгтэйчүүд нь том, эмэгтэйчүүд нь жижиг өрөөнд унтдаг байлаа. Багш болохоор гал тогоонд нь унтдаг байсан юм. “Марк 2” машинтай. Түүндээ бүгдээрээ чихцэлдээд л бэлтгэлдээ явна. Тэгж л анх Улаанбаатар хотод хөл тавьж байлаа. Ж.Түмэн-Аюуш захирал гурван жилийн дараа биднийг III хороололд дэлгүүр, тоглоомын газартай гурван өрөө байранд оруулсан юм.
Дэлгүүр, тоглоомын газрынхаа орлогоор хэрэгцээтэй зүйлсээ авчихаж хүрдэг байсан нь их дэм болсон. Бид үнэхээр азтай хүмүүс шүү.
Хоёр давхар ортой, хоёр өрөө байранд 16 хүүхэдтэй байрлаж байснаа бодоход өнөөдөр хоёр давхар иж бүрэн спорт цогцолбортой, сэргэлтийн баазтай болчихоод байгаа нь Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, МҮЭ-ийн Хүний төлөө одонт Ж.Түмэн-Аюушийн маань ач гавьяа. “Хасу Мегаватт” компанийн хамт олны дэмжлэгийн үр шим.
-Өдий хүртэл гаргаад буй томоохон амжилтаасаа сонирхуулна уу?
-Би насанд хүрэгчдийн ДАШТ-ий мөнгө, хүрэл, залуучуудын ДАШТ-ий хошой хүрэл, Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл, залуучуудын Азийн АШТ-ий алт, хүрэл медальтай. УАШТ-д зургаан удаа түрүүлсэн. 2007 онд спортын мастер, 2009 онд Олон улсын хэмжээний мастер цолны болзол хангаж, 2013 онд "Алтан гадас" одонгоор шагнуулсан.
-Таны нөхөр чөлөөт, сонгомол бөхийн шүүгч. Тамирчин хүний жаргал, зовлонг мэддэг нь таны амжилтад чамгүй их нөлөөлж байгаа болов уу?
-Тэгэлгүй яах вэ. Манай нөхөр намайг үргэлж дэмждэг. Дөнгөж төрснийхөө дараа бэлтгэл хийж эхлэх үнэхээр хэцүү байсан.
Тэр үед нөхөр маань надад хамгийн их түшиг, тулгуур болсон. Бэлтгэл сургуулилалт, тэмцээн уралдаан гээд надад зав, чөлөө гарах нь ховор. Нөхөр маань ар гэрийн ажил нугалж, бүгдийг нь зохицуулдаг даа.
-Та 2011 оны ДАШТ-ий алтан медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын бөхөд эцсийн мөчид тун эргэлзээтэй ялагдсан. Тухайн үед юу болсон юм бэ?
-Тухайн үед их дуулиан болсон барилдаан л даа. Нэгэнт болоод өнгөрсөн зүйлийн талаар одоо яриад яах вэ дээ.
Эх орондоо ирэх үед монголчууд маань их сайхан хүлээж авсан. Алтын дайтай мөнгөн медаль авлаа гээд надад их урам хайрласан. Гэхдээ мөнгөн медаль гэдэг мөнгөн медаль л байдаг юм байна лээ.
-ДАШТ-ий мөнгөн медальтандаа гавьяат тамирчин цол олголгүй өдий хүрсэнд нь спорт сонирхогчид шүүмжлэлтэй хандаж байгаа нь анзаарагддаг. Тухайн үед төр засгаас ямар шагнал өгсөн билээ?
-Намайг хоёр жилийн дараа буюу 2013 оны долдугаар сард "Алтан гадас" одонгоор шагнасан. Үрийн зулай үнэрлэхийнхээ өмнө Төрийнхаа хишгийг хүртсэндээ их бэлэгшээсэн.
-Таныг яагаад ДАШТ-ээс мөнгөн медаль аваад ирсний дараа шагнаагүй юм бол...
-Мэдэхгүй ээ. Дотроо бас хүлээгээд л байснаа нуугаад яах вэ. Сүүлдээ ч хүлээхээ больчихдог юм байна лээ. Олимпийн бус жин болох 51 кг-д медаль авсан нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байх.
ДАШТ-ээс мөнгөн медаль авсны дараа Ж.Түмэн-Аюуш захирал хоёр өрөө байр бэлэглэж, амжилтыг маань мялаасан. Надтай хамт ДАШТ-ээс мөнгөн медаль авсан Б.Оюунсүрэн ч бас амжилтаа бүрэн үнэлүүлж чадаагүй л явна.
-Олимпийн болон олимпийн бус жинд ДАШТ-ээс медаль авснаар тамирчны амжилтыг эрэмбэлж, дүгнэж байгаа нь цол зэрэг олгоход чамгүй их нөлөөлдөг. Өнгөрсөн жилийн ДАШТ-ээс л гэхэд Б.Номин мөнгөн медаль авсан ч гавьяат тамирчин цол олгоогүй.
-Уг нь адилхан л дэлхийн аваргын медаль шүү дээ. Адилхан л бэлтгэлээ базааж, дэлхийн шилдгүүдтэй барилдаж байж л амжилтад хүрдэг.
ДАШТ-ээс хос медаль авсан тамирчинд гавьяат цол олгодог бичигдээгүй хуультай бараг болж байна. Гэхдээ бэртэл гэмтлийн улмаас барилдах боломжгүй болсон Б.Оюунсүрэн гэхэд л харамсалтай шүү дээ.
-Та Лондоны олимпод эх орноо төлөөлж зодоглосон. Тамирчин бүхний мөрөөдөл болсон цэнгэлийн манлай олимпод оролцсон мөч санаанаас тань гардаггүй байх.
2012 оны Лондоны олимпод П.Өнөрбат ах, Ц.Баярсайхан дасгалжуулагчтайгаа хамт оролцсон. Би олимпийн эрхийн тэмцээнд 48 кг-д барилдан, хоёрдугаар тойрогт ялагдсан. Эх орон, ард түмнээ төлөөлж олимпод оролцох, дэвжээнд гарах их сайхан юм билээ.
Өнгөрсөн жил Өнөрөө ах, Ц.Баярсайхан багш хоёр хамтдаа нэг өдөр гавьяат цол хүртсэнд нь их баярласан.
-2011 оын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, Лондоны олимпод оролцсоныхоо дараа та нэг хэсэг нам гүм амьдарсан. Хүмүүсийн хандлага өөрчлөгдсөн үү?
-Нэг их өөрчлөгдөөгүй ээ. Энэ жил эргэн эрэлт сайхан байна, үнэхээр сайхан байна гээд хүмүүс их урам хайрлаж байна.
-Та энэ жилийн "Бөртэ чоно" наадмын шилдэг эмэгтэй тамирчинд нэр дэвшсэн...
-Тэгсэн байна лээ. 2011 онд анх нэр дэвшихдээ шилдэг тамирчнаар шалгарсан. МҮОХ, МССХ миний амжилтыг үнэлж, энэ том наадамд нэр дэвшүүлсэнд талархаж байна.
-Цаашдаа юуны төлөө зорих вэ. Токиогийн олимпод оролцох нөөц танд бий юү?
-Байлгүй яах вэ. Бэлтгэлээ л сайн базаагаад, уйгагүй хичээвэл надад боломж байгаа нь дамжиггүй. Дэлхийн аварга болох, Токиогийн олимпод зодоглох зорилготой.
-Ярилцсанд баярлалаа.