Хотын ногоон бүсэд амарч, зугаалж яваа болон ойн дагалт баялаг түүхээр очсон иргэд зэрлэг амьтдыг үргээж цочоох, байршил нутагт нь халдах, нялх төл оллоо хэмээн эхээс нь салгаж авчрах тохиолдол сүүлийн үед олон гарч байгааг нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв. Туруутан амьтад нялх төлөө аюул эрсдэлээс хамгаалахын тулд өтгөн шигүү, өндөр мод, сөөгтэй газар, хад, агуйн далд хэсэгт нуун байршуулдаг гэнэ. Ялангуяа манай орны ойд элбэг тархсан халиун буга, хандгай, бор гөрөөс, баданга хүдэр зэрэг нь үр төлөө борви нь тэнийж, бие даан идээшилж чаддаг болтол нь ийм газарт далд амьдруулдаг байна. Тэд хоорондоо гол төлөв үнэр, дуу авиагаар харилцаж, биесээ олдог бөгөөд ангууч амьтан, гаднын ямар нэг аюул ойртох үед эх нь холдон зугтаж, анхаарлыг өөртөө татан, төлөө эрсдэлээс сэргийлдэг аж.
Гэтэл иргэд энэ онцлог харилцаа, байгалийн инстиктийг мэдэхгүйгээс нууцлагдмал газарт амар тайван амьдарч буй амьтдыг эхээс нь холдуулах, гэртээ аваачих, байгаль орчны байгууллагуудад хүргэж өгөх явдал байнга гарах болж. Тиймээс байгаль хамгаалагчид хотын ойн санд зорчиж буй иргэдийг нялх амьтдын орон зай, аюулгүй байдалд халдахгүй байхыг анхаарууллаа. Мөн үргээж цочоон, эрсдэлд оруулахгүй байхыг зөвлөв. Гаднын нөлөөллөөс болж амьдрах орчноосоо дайжсан амьтад золбин, тэжээвэр нохдод бариулах, машинд дайруулах, төмөр хашаа, торонд хавчуулагдах, сүлбүүлэх зэргээр бэртэж гэмтэн, хорогдох тохиолдол элбэг. Яг ийм шалтгааны улмаас Сүхбаатарын дүүргийн 19 дүгээр хорооны нутаг, Хуурай мухрын аманд айлын хашаанд хавчуулагдан, шархадсан бор гөрөөсийг нийслэлийн Байгаль орчны газрынхан энэ сарын 21-нд Амьтан асрах төвд аваачсан бөгөөд бие нь сайжиртал асарч, эмчлэх гэнэ.
Н.МИШЭЭЛ