Манай улсад анх удаа зохион байгуулж буй “World ballet grand prix-2024” уралдааны нээлт уржигдар үдэш Соёлын төв өргөөнд боллоо. Үүдээр нь багтахгүй олон хүн цугласан хэдий ч үзэгчид нэг эгнээнд жагсаж, соёлтой гэгч нь дарааллаа хүлээж, тасалбараа шалгуулсаар тоглолтын танхим руу оров. Нээлт төлөвлөгөөт цагаасаа 30 гаруй минутаар хоцорч эхэллээ. Гэсэн ч бухимдах нэгэн байсангүй. Бүгд л нээлтийн цаг өнгөрснийг ч анхаарах завдалгүй хавь ойрын сонин хачныг сайтар гэгч нь ажиглацгааж харагдсан юм. Өнгө өнгийн хувцастай, олон улсын бяцхан бүжигчид танхимын хойд эгнээнд байраа эзэлж, нээлт эхэлтэл өрсөлдөгчдөө ажиглаж буй нь илт. Төд удалгүй Соёлын төв өргөөний гялалзсан шаргал хөшиг нээгдэж “Хатан” бүжгийн чуулгын уран бүтээлчид хадагтай бүжгээрээ мэндчилгээ дэвшүүлснээр “World ballet grand prix-2024” уралдааныг нээлээ.
Монголын сонгодог урлагийн салбарт түүхийн шинэ хуудас нээсэн үйл явдал нь энэхүү уралдаан билээ. Манай улсын бүжгийн урлагийн хөгжлийн түвшнийг олон улсад таниулах боломж бүрдүүлж буйгаараа эл уралдаан онцлогтой. Түүнчлэн “World ballet grand prix” манай улсад зохион байгуулж байсан уралдаануудаас хамгийн өндөр шагналын сантай нь гэдгээрээ ялгарна. Шалгарсан уран бүтээлчдэд медаль гардуулахаас гадна дэлхийн нэр хүндтэй, шилдэгт тооцогдох урлагийн сургуульд тэтгэлэгтэй суралцах урилга гардуулах юм байна. Энэ нь бүжгийн урлагт бие, сэтгэлээ зориулсан уран бүтээлчдэд юутай ч зүйрлэшгүй том шагнал билээ. Нэг ёсондоо дэлхийн тавцанд гарахад нэг алхам ойртож буйн илрэл болохыг Урлагийн гавьяат зүтгэлтэн, Консерваторын Бүжиг, циркийн мэргэжлийн сургуулийн захирал Н.Оюун онцолсон.
Тухайлбал, гран при шагналт нэг эрэгтэй уран бүтээлчид Далласын Консерваторид 100 хувь буюу 10 000 ам.долларын тэтгэлэгтэй суралцах эрх олгох нь. Хоёр уран бүтээлчид 50 хувь буюу 5000 ам.долларын тэтгэлэгтэй сурах эрх гардуулах юм байна. Түүнчлэн Бельгийн балетын сургуульд 20 хувийн тэтгэлэгтэй суралцах эрхээр хоёр хүн, Новосибирскийн сургуульд суралцах эрхээр нэг уран бүтээлч шагнуулах гэнэ. Мөн нэг уран бүтээлч БНСУ-ын “Soul ballet” компанид гурван долоо хоног ажиллан, аялан тоглолт хийх боломжтой. Дээрх компанийнхан уран бүтээлчид шаардлагатай бүхий л зардлыг хариуцах аж.
Монгол Улсын нэрийг сонгодог урлагаар дамжуулан дэлхий дахинд таниулсан цөөн уран бүтээлчийн нэг бол “World ballet and dance grand prix” уралдааныг эх орондоо зохион байгуулах ажлыг санаачлагч У.Бат-Эрдэнэ юм. Балетын урлагтай амьдралаа холбоод 35 жилийг ардаа үдсэн тэрбээр уралдааны нээлтийн үеэр “Би Вячеслав Михайлович Гордеевын хүчээр томоохон олон тайзан дээр тоглож байлаа. Гэхдээ өнөөдрийнх шиг ингэж догдолж, сандарч байсангүй” гэж байлаа.
Энэхүү уралдааныг жил бүр дэлхийн найман хотод зохион байгуулдаг. Ингэхдээ зөвхөн сонгодог урлагийн чиглэлээр зохиодоггүй бөгөөд бүжгийн урлагийн олон төрлийг сурталчлах зорилготой аж. Тиймээс балет, үндэсний болон контемпорари төрөлд гоцлол, хос, хамтлагаараа оролцох боломжтойг зохион байгуулагчид тодотгосон юм.
Уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд дэлхий дахинд нэрээ мөнхөлсөн, балетын урлагийн од хэмээн зүй ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн Вячеслав Михайлович Гордеев тэргүүтэй, олон улсад чансаагаараа тэгүүлдэг уран бүтээлчид багтжээ. Манай улсаас ч Монголын балетын урлагийн төлөөлөл болсон багш нар шүүнэ. Тухайлбал, уралдааныг санаачлагч, уран сайхны удирдагч У.Бат-Эрдэнэ, Ардын жүжигчин О.Ганбаатар, Урлагийн гавьяат зүтгэлтэн, СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн захирал, бүжиг дэглээч Д.Баярбаатар, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Консерваторын Бүжиг, циркийн мэргэжлийн сургуулийн захирал Н.Оюун нар ажиллах гэнэ. 10 хүний бүрэлдэхүүнтэй шүүгчдийн багийн тав нь сонгодог бүжгээр мэргэшсэн уран бүтээлч аж.
БНСУ-аас уг тэмцээнийг шүүхээр Солонгосын үндэсний урлагийн их сургуулийн захирал, Ардын бүжгийн холбооны тэргүүн Сам Жин Ким ирэх байсан. Гэтэл тэрбээр нээлтийн орой Улаанбаатарт газардсан учир уг тоглолтод оролцож чадаагүйг БНСУ-ын Балетын холбооны ерөнхийлөгч, “World ballet grand prix”-ийг үүсгэн байгуулагч Пак Жэ Кеүн дурдлаа.
Дээрх уралдааны нээлтэд Монгол, БНСУ, БНХАУ, Япон, ОХУ, Филиппин зэрэг улсын уран бүтээлчид хүрэлцэн иржээ. Орон орны уран бүтээлчдийн төлөөлөл тайзнаа мэхийн ёсолж, сэтгэл сэргээж, нүд баясгаж байлаа. Манай улсаас СУИС-ийн харьяа Бүжгийн урлагийн сургууль, Консерваторын Бүжиг, циркийн мэргэжлийн сургууль, Үндэсний урлагийн их театр, Цэргийн дуу бүжгийн чуулга, “Улаанбаатар” театр, “Номадик балет” продакшн, “Хатан” бүжгийн чуулга, “G-River ballet” студи зэрэг мэргэжлийн урлагийн байгууллагын бүжигчид, оюутнууд оролцлоо.
Балет бол бүжиг, хөгжим, тайзны декорац зэргийг нийлүүлсэн нийлмэл урлаг билээ. Аль нэг нь орхигдоход төгс илэрхийлэмж үгүй болдог. Ингэхдээ тухайн хүний сэтгэл хөдлөлийг уян налархай хөдөлгөөнөөр хөг аялгуунд нь тааруулан үзүүлж, үзэгчдэд амьд хийгээд эрхэмсэг мэдрэмжийг төрүүлдэг. Энэхүү урлагийг манайд хөгжүүлснээс хойш хэдийн 60 гаруй жилийг ардаа үджээ. Өнгөрсөн хугацаанд Монголд төдийгүй дэлхийд нэрээ дурсгасан олон уран бүтээлч төрсөн. Тэгвэл өдгөө мэргэжлийн урлагийн байгууллагын бүжигчид, оюутан залуус өөрийгөө сорьж, чансаагаараа өрсөлдөхийн тулд заавал гадаадын орныг зорих шаардлагагүй боллоо. Олон улсын уралдааныг бид эх орондоо “авчирдаг” болсон гэж манай уран бүтээлчид онцолж байв.
Дэлхийн хэмжээнд балетын томоохон тэмцээнүүдийн нэгт зүй ёсоор багтдаг “World ballet grand prix”-ийг Монголд зохион байгуулж буй нь уран бүтээлчдийн хувьд алдаж боломгүй ховор боломж. Түүнчлэн энэ уралдаанаар дамжуулан бид дэлхий дахины сонгодог бүжгийн хувьсал, чансааг төрөлх тайзнаасаа харж, цаашлаад сонгодог бүжгийн урлагаар дэлхийд өрсөлдөх “үүд, хаалга” нээгдэх юм. Эл уралдаанд манай улсын уран бүтээлчдээс гадна БНХАУ, БНСУ, ОХУ, Филиппин, Сингапур, Казахстан, Япон, АНУ, Эстони зэрэг улсын шилдэг бүжигчид оролцохоор бүртгүүлсэн гэнэ. Уралдааны гала тоглолт энэ сарын 29-нд болох аж. Тухайн өдөр шилдэг бүжигчид“төрөх” юм.
Бэлтгэсэн У.Цэцэгсүрэн