Мөсөнд авиралтаар олон орны хүүхэд, залуус сонирхон хичээллэж, орчин үеийн тренд спортын нэг болгон хөгжүүлж байна. Тус спорт нь тамирчдаас хурд, ур чадвар, тэсвэр хатуужлыг шалгахаас гадна өрсөлдөгчдөө хүндэтгэх, харилцан суралцах, туршлагаасаа хуваалцах нөхөрлөлийн хүрээг тэлдэг. Монголд мөс, хад, уул, спорт авиралтаар хичээллэн амжилт гаргаж яваа тамирчин цөөнгүй бий. Тэдний нэг нь “Сутайн бор”, экстрем “Х tеam” клубийн гишүүн, спортын мастер, ДАШТ-д V байр эзэлсэн О.Сайханжаргал. Тэрбээр Олон улсын уулчдын холбооноос БНСУ-ын Чонсон хотод энэ сарын 10-13-нд зохион байгуулсан мөсөнд авиралтын “Дэлхийн цом”-ын эхний цуврал тэмцээнд Монголынхоо тамирчидтай оролцож, хурдны төрөлд өрсөлдсөн юм. Тус хотоос ирсэн даруйдаа Швейцарт энэ сарын 23-25-нд болох дараагийн цувралд өрсөлдөхөөр “Найрамдал” төв дэх 15 метрийн өндөр мөсөн хананд бэлтгэл базаасан. Түүнийг багийнхантайгаа Саас-Фи хотыг зорихын өмнөхөн ярилцсанаа хүргэе.
-Та Швейцарын Саас-Фи хотыг удахгүй зорих нь. “Дэлхийн цом”-ын хоёр дахь цувралд оролцох Монголын багийнхан бэлтгэлээ хэрхэн үргэлжлүүлэв?
-Миний хувьд алдаа гаргахгүйн тулд өөрийгөө бүх талаар сайтар бэлдэж, сэтгэл зүйтэйгээ ажиллаж байгаа. БНСУ-д болсон эхний цувралд тамирчид нэгэнтэйгээ өрсөлдсөн бол Швейцарын Саас-Фид болох тэмцээнд цагтай уралдана. Мөсөн хананд гурван удаа авирч, хамгийн богино хугацаанд амжилт гаргасан нь ялагчаар тодорно. Жил бүрийн тэмцээн онцлогтой болдог. Эхний цувралд Ираны тамирчид хүчтэй өрсөлдөгч болохоо харуулж, алт, хүрэл медальтай нутаг буцлаа.
-Манайхан “Найрамдал” төвд босгосон 15 метр өндөр хананд бэлтгэл хийсний үр дүнг харуулж, эхний цувралаас медальтай ирсэн. Үүнд ч гэсэн таны оролцоо их бий.
-Энэ удаагийн “Дэлхийн цом” миний оролцсон 13 дахь тэмцээн. Бид эхний хэдэн жил гадаадын тамирчдаас суралцаж, өөрийгөө хөгжүүлсэн. Одоо бол туршлага хуримтлуулан мэдсэн, сурсан бүхнээ хэрэгжүүлэхэд анхаарал хандуулж байгаа. Чонсон хотод болсон мөсөнд авиралтын тэмцээний ханын өндөр 12 метр. Тэгэхээр өмнөхөөс илүү хурд, хүч гаргаж, авирахын тулд үүнээс ч өндөр хана босгох шаардлага гарсан. Энэ спортод дуртай, аялалд хамт явдаг найз нөхөд минь дэмжиж, тусалсны ачаар “Найрамдал” төвд 15 метрийн өндөр мөсөн ханыг маш хурдан босгосон. ОУХМ Н.Хэрлэн, Н.Сэлэнгэ, бид гурав эхний цувралд оролцохоосоо өмнө бэлтгэл шаргуу хийсний үр дүн гарсан гэж бодож байна.
-10 жилийн өмнөхтэй харьцуулахад Монголын баг өдгөө дэлхийн өндөр зэрэглэлийн тамирчидтай ур чадвараар эн тэнцүүхэн өрсөлдөх хэмжээнд хүрчээ.
-Бид “Дэлхийн цом”-д анх оролцохдоо ямар гутал өмсдөгийг хүртэл сайн мэддэггүй байлаа. Тэр үеийг бодвол манайхан дэлхийн шилдгүүдтэй ана мана өрсөлддөг болж. Тэмцээн зохион байгуулагчид эхэн үедээ бидэнд тусалдаг байсан бол өдгөө өрсөлдөгч гэж харж, ханддаг болсон байна. Монголын тамирчид тэмцээнээс тэмцээнд туршлагажиж, техникүүдийг эзэмшсэнээр 2019 оноос амжилт гаргаж эхэлсэн. Мөсөнд авиралт монголчуудын хувьд улирлын чанартай спорт тул бүх зүйлийг сайтар эзэмшихийн тулд суралцах зүйл багагүй бий.
-Ираны тамирчид тэмцээнийг хошуучлах болсон гол давуу талыг та тэмцээний үед анзаарсан л байх.
-Ираны тамирчид биднийг “Дэлхийн цом”-ын цувралд анх өрсөлдөхөөс хоёр жилийн өмнө оролцож эхэлсэн байдаг. Тэдний авьяас, ур чадварыг анх харсан өдрөөс эн тэнцүү өрсөлдөх хэмжээнд хүрэхийн тулд бид их хичээсэн. Жилээс жилд суралцаж, ур чадвараа ахиулахаар зорьсон. Тэд бэлтгэл байнга хийх баазтай. Дулаан уур амьсгалтай орон ч гэлээ тамирчид нь сургуулилалт хийдэг заалаа хасах градустай болгоод мөсөн хананд авирдаг. Үүгээрээ давуу талтай. Бидний хувьд хүйтрэхээр хана босгож, тэмцээнд оролцохоос сарын өмнөөс бэлтгэл хийж өрсөлддөг учраас бүтэн жил хөдөлмөрлөсөн тэдний хурдыг хэрхэн гүйцэх билээ. Ялгаа нь ерөөсөө энэ. Манайхан бэлтгэл хийх баазтай болбол бусад орныхноос нэг их хоцрохгүй. Хамгийн гол нь хөрөнгө мөнгө чамгүй шаардагдана даа.
-Сүүлийн үед олон улс тамирчдаа цуврал тэмцээнд оролцуулахаар илгээдэг болсон нь өмнөх хоёр жилийн өрсөлдөөнөөс тодорхой харагдсан.
-Эхний цувралд 137 орны тамирчид өрсөлдсөн. Тэмцээний үед тамирчдын хооллодог заалных нь ширээ хүрэлцэхээргүй болсныг хараад зохион байгуулагчид “Ирэх жил заалаа томруулъя” хэмээн ярьж байлаа. Цар тахал дэгдсэнээс хойш хэдэн жил завсарласан Казахстан, Хонконг, Британи, АНУ-ын тамирчид энэ удаа өргөн бүрэлдэхүүнтэй ирсэн. Оролцох орнуудын тоо нэмэгдэх тусам өрсөлдөөн ширүүсэж, хагас шигшээд шалгарах, медаль хүртэх ч амаргүй болж байна. Олон улсын уулчдын холбоо (ОУУХ) Францад 2030 онд зохион байгуулах өвлийн олимпын тэмцээний төрөлд мөсөн авиралтыг оруулахаар зорьж байгаа.
-Өвлийн спортоос мөсөнд авиралт Монголд хөгжих хамгийн боломжтой төрөл санагддаг.
-Тийм шүү. Монголд хөгжүүлэхэд цаг агаар, уур амьсгалын хувьд давуу талтай. Аравдугаар сарын сүүлчээр хүйтэрч, өвлийн улирал руу шилжихэд мөсөн хана бариад бэлтгэлээ эрт эхлүүлбэл тамирчдын амжилт ч ахина. Бид бодож, төлөвлөсөн зүйлээ ирэх жил хэрэгжүүлэхээр ярилцсан. ОУУХ-ны Залуучуудын комиссын гишүүн О.Батсайхан ах “Тамирчин хүнд хоёр төрлийн бэлтгэл бий. Нэг нь бие, сэтгэл зүй, нөгөө нь хөрөнгө мөнгө. Санхүүгээ зэхнэ гэдэг бас нэг бэлтгэл юм. Тиймээс хоёуланг нь сайтар хангах нь зүйтэй. Та нар онгоцны тийзээ сарын өмнө захиалдаг байх хэрэгтэй. Сэтгэл тань тайван бол тэмцээндээ төвлөрч, бүх зүйл чинь бүрдэнэ. Долоо хоногийн өмнө тийз аваад, зардлын мөнгө хайж гүйвэл амжилт гаргахгүй. Миний хувьд нэг дэх бэлтгэлийг хангалаа. Үлдсэнийг нь өөрсдөө хангаарай” гэж хэлсэн.
-Мөсөнд авирах бэлтгэлийг хүчний спорттой хослуулах нь хүмүүсийн сонирхлыг татаж байна. Ингэж сургуулилалт хийхийн давуу тал нь юу вэ?
-Мөсөнд авиралтын хурдны төрөлд хүчний бэлтгэл зайлшгүй хэрэг болдог. Монголын хүндийг өргөлтийн дасгалжуулагч Ц.Хосбаяр багшийн удирдлагад бид хүчний бэлтгэл хийдэг. Тэрбээр бэлтгэлийг хэзээ эхлүүлж, хэрхэн хийлгэхээ мэднэ. Бидэнд “Дээшээ уралддаг хоёр спорт бий. Нэг нь авирах, нөгөө нь хүндийг өргөлт. Дэлхийд тэргүүлэгч байхын тулд бэлтгэлийн цаг маш чухал. 10, цаашлаад 20, 30 мянган удаа авирч байж, хэнтэй ч уралдсан гүйцэгдэхээргүй болно. Та нар штанг нэг ч өргөхгүй байж байгаад тэмцээнд оролцохтой адил байна. Бэлтгэл хийх хугацаа урт байх тусам гаргах амжилт нэг түвшинд байх болно” гэж зөвлөдөг.
-Өмнөх тэмцээнд Ираны тамирчин түрүүлсэн. Түүний амжилтын онцлогоос сонирхуулаач?
-Мохаммад Реза Сафдарианы бэлтгэл сайн, мөстэй харьцах хугацаа нь биднийхээс урт байсан тул амжилт гаргасан. Монголын тамирчид ур чадвар, туршлага, мэдрэмжээр түүнээс дутахгүй. БНСУ-д зохион байгуулсан тэмцээний үеэр Польш, Хонконг, БНСУ-ын дасгалжуулагч, мэргэжилтнүүд “Монголчууд хурдны төрөлд хамгийн хүчтэй өрсөлдөгч болжээ. Баяр хүргэе. Хойшид та нартай хамтарсан бэлтгэл хийж болох уу” гэсэн санал тавьсан. Өөр улсын мэргэжилтнүүд Ираны тамирчдад санал тавихад учиргүй татгалзаагүй ч “Бид өөрсдөө бэлтгэлээ хангана” гэсэн байр суурьтай байх шиг санагдсан. ОХУ-ын тамирчдын техникээс сайтар суралцсан хоёр орон бол Иран, Монгол. Польшийн мэргэжилтэн, ОУХМ Н.Сэлэнгийн авирахыг хараад “Монголын эмэгтэй тамирчнаас орос техник харагдаж байна” гэж байв. Хэдийгээр Иран, Монголын тамирчид хойд хөршийнхнөөс багагүй зүйл сурсан ч тэмцээний үед бол тус бүр өөрийн орны онцлогийг харуулдаг.
-Дасгалжуулагч Х.Нямдоо багшийн удирдлагад та ч гэсэн бэлтгэл базаадаг. Тэмцээний өмнө юу гэж зөвлөж захив?
-“Сутайн бор” клубийн дасгалжуулагч Х.Нямдоо багшийн хичээл зүтгэл биднийг амжилт гаргахад их нөлөөлсөн. Тэрбээр “Та нар бэлтгэлээ цөмлөдөг шүү. Тэмцээний товлосон хугацааг тулган, сургуулилалт хийж ядраад очдог. Сэтгэл санаагаа төвлөрүүлж, сайн амарч байгаад яваарай” гэж зөвлөсөн. Бид энэ жил бэлтгэл, сэтгэл зүйдээ анхаарал хандуулж, нийгмийн сүлжээн дэх таагүй мэдээллээс хол байхыг хичээж байгаа. Өмнө нь сошиал хэрэглээг хязгаарладаггүй, утсаа нээлттэй байлгаж, бэлтгэл эхлэхийн өмнө, дараа нь ч харж тавгүйтдэг байлаа.
-Швейцарын Саас-Фид болдог цувралд манайхан өмнө нь оролцож байсан. Тэндхийн орчин нөхцөлд, цаг агаар, уур амьсгалд дасан зохицоход хэр таатай бол?
-Тэнд мөсөнд авиралтын тэмцээн болдог газар нь өндөр, уулархаг. Далайн түвшнээс дээш 2000 гаруй метрийн өндөрлөгт байрладаг. Бидэнд өндөрлөг газар бэлтгэл хийх илүү үр дүнтэй. Монголын тамирчид дэлхийн чансааг тэргүүлнэ гэж “Дэлхийн цом”-д оролцогчид огт төсөөлөөгүй байх. Манайхан өнгөрсөн жил бэлтгэл сайтай оролцож, хойшид эхний гурван байрт шалгарахаар өрсөлдөгч болсноо харуулсан. Энэ жил ч амжилтаараа баталлаа.
-Тэмцээн зохион байгуулдаг орнуудын мөсний бүтэц өөр байдаг талаар тамирчдаас өмнө нь сонссон.
-БНСУ-ын хананы мөс бусад орныхоос харьцангуй зөөлөн. Тэнд нэгдүгээр сараас мөс хөлдөж эхэлдэг. Чонсон хотын цаг агаар -3-8 градус бол Монголынх өдөртөө -15, шөнөдөө -30 градус байх жишээтэй. Бидний бэлтгэл хийдэг хананы мөс хатуу. Мөсний зөөлөн, хатуу байх нь тухайн өдрийн байдлаас хамаардаг. Хүйтрэх тусам мөс хатуурч, багаж зоогдохооргүй болно. Тэгэхээр авирахдаа мөсний бүтцийг сайтар мэдрэх нь чухал. Ази тивийнхээс Европын орнуудынх өөр. Тухайн улсын тэмцээнд оролцохдоо тамирчид шиг нь мэдэрч, амжилт гаргах амаргүй. Томоохон тэмцээн зохион байгуулж буй оронд бол энэ нь давуу талтай. Сүүлийн үед Японы тамирчид хурдны төрөлд суралцаж байгаа нь анзаарагдсан. Бид улирлын байдлаас шалтгаалаад сургуулилалт байнга хийдэггүй ч авиралтын хүчний суурь бэлтгэлийг түлхүү базаадаг. Монголын тамирчид ОХУ-д үйлдвэрлэсэн багаж хэрэглэдэг. Эхний цувралд би өөрийнхөө хийсэн ирээр оролцлоо. Хойшид амжилт гаргахад нөлөөлбөл үргэлжлүүлэн хэрэглэх бодол бий.
-“Дэлхийн цом”-ын цувралуудад оролцохын тулд тамирчид ажил, хичээлээсээ чөлөө авав уу?
-Хүн дуртай зүйлээ хийхдээ аз жаргалтай байдаг. Бэлтгэл хийхдээ ядардаг ч баяр баяслыг мэдрэх нь сайхан. Хамгийн сүүлийн цуврал Канадын Эдмонтон хотод гуравдугаар сарын 1-нд эхэлнэ. Тус хотод өнгөрсөн жил ДАШТ зохион байгуулсан. Монголд сар шинийн баяр тохиох үед бид тэмцээнд оролцож байх нь.
-Хөл тавьсан орнуудаасаа хамгийн түрүүнд юуг нь олж харахыг хичээдэг вэ?
-Би тэмцээнээс гадна аялал жуулчлалын шугамаар олон оронд хөл тавьсан. Үүнээс Швейцарын Саас-Фи хот таатай сэтгэгдэл төрүүлдэг. Монголоос долоон цагийн зөрүүтэй. Тус хот руу ордог хаалганы гадна автомашины томоохон зогсоолтой. Хот доторх ачааг цахилгаан автомашинаар зөөвөрлөнө. Тэнд болох тэмцээний цагийн зөрүүнд тохируулж, бид бэлтгэлээ орой голдуу хийсэн. Уулын бүс газар тул тамирчид нь тэмцээний үед илчлэг ихтэй хоол хүнс хэрэглэдэг. Уулнаас буух үед уур амьсгал нь дулаан болдог тул жимс, ногоо түлхүү иддэг юм билээ. Тэмцээн зохион байгуулдаг хотын иргэд Европын уламжлалт амьдралын хэв маягтай. Хоол хүнсээ цаг агаар, уур амьсгал, амьдарч буй орчин нөхцөлийнхөө онцлогт тохируулдаг нь ажиглагдсан. Энэ ташрамд, “Дэлхийн цом”-ын таван цувралд хамт оролцох тамирчдадаа амжилт хүсээд 2025 онд хэрэгжүүлэх зорилгынхоо төлөө илүү хичээж, алдаанаасаа суралцан, бэлтгэлээ чамбайруулаарай. Мөн энэ спортоор хичээллэдэг дүү нартаа тууштай байж амжилтын төлөө тэмүүлээрэй. “Сутайн бор” клубийн дасгалжуулагч тамирчдад, мөн энэ спортод хөл тавихад тамирчин болох суурийг минь тавьсан Д.Батжаргал багшдаа, бидэнд байнга тусалж, дэмждэг Олон улсын уулчдын холбооны Залуучуудын комиссын гишүүн О.Батсайхан ахад талархаж явдгаа уламжилъя.