Сар шинийн баярыг монголчууд өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Хэн хэн хаана өрсөлдөх тухай мэдээллийг улс төртэй холбоотой эрхмүүдийн цахим хуудаснаас таамаглаж болохоор байв. УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэх магадлалтай хүмүүс цахим хуудсаараа дамжуулан дүрст болон зурагт мэндчилгээ илгээв. Тэдний олонх нь нэрээ дэвшүүлэх аймаг, тойргоосоо өнөөх бичлэгээ хийсэн байгаа юм. Горилогчдын зарим нь эртнээс тойргоо сонгоод, эргэж тойрч байсан бол бүсчилж хуваасны дараа “ажилдаа” орсон нь ч бий. Мөн цөөнгүй улс төрч дуулж, хуурдсан бичлэгээ цацлаа. Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэхээс өмнө “далд” байдлаар өөрсдийгөө таниулах ажил ялангуяа цахим орчинд ид өрнөж байгаа нь нууц биш.
АН-ЫН ЗАЛУУС
Ардчилсан намынхан сар шинийн баярыг гайгүй сайн “ашиглаад” авчээ. Телевизүүдээр “Бүрэн ардчилал” гэдэг нэвтрүүлэг цацаж, хэрүүл тэмцэл нь ил тод учраас хумсаа нуудаггүй нам гэдгээ сануулав. Удахгүй болох сонгуульд энэ намынхан ихээхэн найдлага тавьж, сүүлийн хоёр удаагийн алдаагаа засахаар хичээж буй. Уналтын жилүүдэд нь АН-ыг парламентад төлөөлсөн гишүүдээ тэд тус тусын тойрог руу нь илгээж, нэр дэвших эрхийг “ногоон гэрлээр” олгохоо эртнээс мэдэгдсэн. Тэгэхээр залуус, гадна байсан улс төрчид нь хаана, хэрхэн өрсөлдөх бол гэдэг л сонин байгаа юм.
АН-ыг эвлүүлж, сэхээх үүрэг хүлээсэн Л.Гантөмөр дарга нь удирдах багтаа 1990-ээд оны залуусаар цус сэлбээд буй. Түүний зөвлөх, мөн намынхаа дэд дарга, нарийн бичгийн дарга болсон залуусаас цөөнгүй нь 2024 оны сонгуульд хүч үзэх нь. Тухайлбал, нарийн бичгийн дарга Н.Гансүх нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ аль тойрогт гэдэг нь тодорхойгүй байна. Тойрогт хүч үзэх боломж л залууст түлхүү олдох болов уу. Учир нь жагсаалтад ах нар, эмэгтэйчүүдийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг түлхүү багтаана. Мөн тус намын харьцангуй танигдсан улс төрч залуу болох С.Эрдэнэболд жил гаруйн өмнөөс Төв аймгийг тойрч байгаа юм. Сар шинийн тусгайлсан дүрст мэндчилгээнээс нь түүнийг Төвийн бүсийн хөгжлийг дэмжих агентлагийн тэргүүн гэдгийг, мөн Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгаас бүрдэх V тойрогт өрсөлдөнө гэдгийг тодорхой харж болно. Тус намын гишүүн О.Эрдэнэ-Өрнөх Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгийнVII тойрогт нэр дэвших бололтой. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Дэмчигийн хийдээс сар шинийн мэндчилгээ дэвшүүлсэн нь үүнийг “хэлээд” өгөв. Тэрбээр эрх чөлөөний төлөө хамтдаа тэмцэхийг уриалж байна лээ. “МИГ” группийн ерөнхийлөгч Б.Түвшин Завханд нэрээ дэвшүүлэхээр ажиллаад эхэлснийг цахим хуудаснаас нь харж болно. АН-ын залуус нэгнийхээ мэндчилгээг цахим орчинд хуваалцан, “сурталчилгаа” хийж байна.
Тус намын эмэгтэйчүүд ч нэлээд завгүй ажиллаж буй юм. Тухайлбал, АН-ын дэд дарга Т.Пүрэвхатан Хэнтий аймгаар “гүйдэлтэй”. Тэрбээр Дорнод, Сүхбаатар, Хэнтийгээс бүрдэх VI тойрогт горилж байна. Цахим хуудсандаа оруулсан мэндчилгээнээс нь тус тойрогт хамт өрсөлдөх журмын нөхдийг нь ч мэдээд авч болно. УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал болон Ш.Бямбасүрэн, Д.Балдан, Э.Төмөрбаатар, Ш.Батдэлгэр нарын хүн тэнд нэр дэвшиж мэдэх нь. Гэхдээ уг тойрог долоон мандаттай, багийн нэг “гишүүн” нь одоогоор тодроогүй байгаа бололтой юм.
УИХ-д 2000 оноос хойш дараалан гурван удаа сонгогдсон Л.Гүндалайг мэдэхгүй хүн манай уншигчдын дунд үгүй. Тэрбээр залуу гэдэг ангилалд орохгүй ч улс төрд сонирхолтой дүр хэвээр байна. Орж, гарч явсаар одоо АН-д дахин харьяалагдаж буй аж. Ард түмний болон Ард түмнээ хайрлая гэдэг хоёр ч нам байгуулчхаад, дундуур нь АН руу ирж, буцдаг “ажилтай” болсоор удаж байгаа юм. Л.Гүндалай УИХ-ын сонгуульд Булган, Орхон, Хөвсгөл аймгаас бүрдэх IV тойрогт нэрээ дэвшүүлнэ гэдгээ цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ. АН-ын аль ч фракцад харьяалагддаггүй гэдгээрээ бардамнадаг энэ эрхэмд нам нь нэр дэвших “виз” олгох, эсэх нь тодорхойгүй байна. Гэхдээ АН-аас “виз” авч чадахгүй бол түүнд нэрээ солиод удаагүй, эхнэр нь даргаар нь ажилладаг Ард түмний хүч гэдэг нам бий. Тэр бол нөөц намтай, “том” хүн шүү дээ.
МАН-ЫН ШИНЭ ҮЕ
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу 2024 он гарахаас өмнө нэр дэвших хүсэлтэй хүмүүс албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Ажлаа өгсөн хүн бүрийг сонгуульд нэр дэвшинэ, мандат олж авч чадна гэж үзэж болохгүй. Учир нь МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тийм баталгаа өгч чадахгүй гэдгээ хэлсэн юм билээ. Юутай ч үнэмлэхүй олонхын суудал авсан МАН-ын гишүүд төрийн өндөр, том албан тушаалуудад томилогдсон. Тэднээс цөөнгүй нь он гарахаас өмнө амжиж ажлаа өгсөн юм. Тухайлбал, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгаас бүрдэх II тойрогт горилж буй гэнэ. “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн гүйцэтгэх захирлын албанаасаа чөлөөлөгдсөн Х.Алтай нийслэлийн аль нэг дүүрэгт нэрээ дэвшүүлэх таамагтай байна. Үндэсний аудитын газрын дарга, ерөнхий аудиторын ажлаа өгсөн Д.Занданбат Өмнөговь аймагт нэрээ дэвшүүлэхээр ажиллаж буйг бид өмнө нь мэдээлсэн. Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн Хэнтий, Дорнод, Сүхбаатарын VI тойрогт нэр дэвших сурагтай. Мөн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга байсан А.Энхзул ч ийм л зорилгоор ажлаа өгсөн гэж буй. 2008-2012 онд УИХ-ын гишүүн байсан, сэтгүүлч З.Алтайн охин тэрбээр дээрх албан тушаалд томилогдохоосоо өмнө “Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагчаар ажиллаж байсан юм.
МАН бол боловсон хүчний нөөц ихтэй, том нам. Цаг үеэ дагаад тус намын удирдах багт ч, төрийн өндөр албан тушаалуудад ч залуус түлхүү багтаж, томилогдох болсон. Тиймээс ирэх сонгуульд горилох залуу хүн олон. Тэднээс цөөхнийг нь жишээ татахад ийм байна.
ГУРАВДАГЧ ХҮЧИН
Өнгөрсөн дөрвөн жилд парламентад төлөөлөлтэй байсан гуравдагч хүчин бол ХҮН нам. Улс төрд арай шинэ уур амьсгал оруулахуйц оюунлаг залуустай гэсэн имижийг энэ нам бүрдүүлсэн. МАН-ын “охин нам” гэсэн хардлага байдаг ч тус намын гишүүн залуусаас шинэлэг бодлого, өөрчлөлт хүлээж буй хүн цөөнгүй. Тус намын олон нийтэд танигдсан улс төрчдийн нэг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр ирэх сонгуульд нэрээ дэвшүүлэх нь тодорхой болсон. Тиймээс тэрбээр нийслэлийн ХҮН намын хорооны даргын ажлаа хүлээлгэж өгсөн аж. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр дөрвөн жил ажилласан энэ эрхэм хотын тойрогт өрсөлдөх болов уу. Тус намын Удирдах зөвлөлийн гишүүдийн дунд нэртэй улс төрчдийн хүүхдүүд ч бий. Тухайлбал, Монгол Улсын анхны бөгөөд цорын ганц Дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Р.Гончигдорж гуайн охин Г.Уянгахишиг. Тэрбээр УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэн өрсөлдөх магадлал өндөр бүсгүйчүүдийн нэг. Мөн Төрийн хошой шагналт зохиолч Чадраабалын Лодойдамба гуайн зээ охин Л.Энхнасан нийслэлийн аль нэг тойрогт нэрээ дэвшүүлэх бололтой. Тэрбээр 2020 онд Говь-Алтай аймагт өрсөлдөж байсан туршлагатай. Энэ мэтээр тус намд чадварлаг боловсон хүчин олон учраас ирэх сонгуулиар парламент дахь төлөөллөө нэмнэ гэсэн хүлээлт бий.
Гуравдагч хүчний бусад намын хувьд яриа, хэлэлцээ өрнөсөөр байна. Монголын ногоон нам, Монголын үндэсний ардчилсан намаас бүрдсэн “Үндэсний эвсэл”-ийг мөнгөтэй, бас улс төрийн хүрээнд цөөнгүй “шүтэн бишрэгч”-тэй, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр даргалах болсон нь сонгуулийн үр дүнгийн таамгийг өөрчилж болзошгүй байгаа юм. Н.Номтойбаяр болон эвсэлд багтсан хоёр намын дарга жагсаалтын эхэнд нэрээ бичүүлэх болов уу гэсэн таамаг байна. Түүнчлэн ИЗНН-ынхан МАН, АН-аас бусад нам нэгдэж сонгуульд оролцох уриалга дэвшүүлсэн. Тус намын дарга Б.Батбаатар гуравдагчдын дарга нартай түрүүчээс нь уулзаж, нэгдэж сонгуульд оролцохын давуу талыг ухуулж яваа гэнэ. Тэрбээр бүх намын даргатай ээлжлэн уулзахаар төлөвлөсөн юм билээ. Гэвч энэ нэгдэлд 35 нам бүгд нэгдэх бодит боломж үгүй. Дангаараа тоглох сонирхолтой нам цөөнгүй учраас тэр.
Тэгэхээр гуравдагч хүчний ихэнх намын хувьд эхний ээлжид хэнтэй эвсэх, нэгдэхээ шийдэж, тодорхой болгосны дараа нэр дэвшигчид, тэдний мандатыг ярилцана. Гэхдээ намын дарга нар нь голдуу жагсаалтын эхэнд нэрээ бичүүлэх болов уу. 2012 оны сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахад ч ийм л жишиг үйлчилсэн юм. Сонгуульд оролцох нам, эвслүүдийг дөрөвдүгээр сарын сүүлчээр албан ёсоор бүртгэнэ. Тэр болтол гуравдагч хүчнийхэн хөшигний ард яриа, тохиролцоогоо үргэлжлүүлэх бөгөөд нэр дэвших, нам, эвслийг нь төлөөлөх олны танил хүмүүсийн, квотын тоо бүрдүүлэх чадварлаг бүсгүйчүүдийн эрэлд гараад байна.