Засгийн газрын 2018 оны 173 дугаар тогтоолын дагуу “Ханжөү-2022” Азийн наадмаас медаль хүртсэн 45 тамирчин, түүний дасгалжуулагч 11 хүнд 372 сая 750 мянган төгрөгий мөнгөн шагнал олголоо. Жүдо, бокс, сагсан бөмбөгийн 3х3-ын эрэгтэй, эмэгтэй баг, буудлага, цахим спорт, дугуй, байт харваа, чөлөөт бөх, кураш, жюү жицү гэсэн спортын 10 төрөлд Монголын 45 тамирчин медальтай ирсэн байна.
БНХАУ-ын Ханжөү хотод өнгөрсөн есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 8-ны өдрүүдэд Азийн зуны спортын 19 дүгээр наадам болсон. Тус наадамд Монголчууд өргөн бүрэлдэхүүнээр оролцож, спортын 34 төрөлд хоёр алт, таван мөнгө, 13 хүрэл медаль хүртжээ.
Мөн тус наадамд үндэсний шигшээ багийн болон шигшээ багийн бус 23 спортын төрлийн 231 тамирчин, 31 дасгалжуулагчийн зардалд 700 орчим сая төгрөгийн дэмжлэгийг улсын төсвөөс үзүүлсэн байна.