Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2023 оны А/135 дугаар “Хүүхэд хамгааллын тоон үзүүлэлт, статистикийн 169 үзүүлэлтийн маягтыг боловсруулах” бүсийн сургалт зохион байгуулах тухай тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр хүүхдийн эрх хамгааллын статистик маягт, зааврыг боловсруулах арга зүйн сургалтыг Булган аймагт зохион байгуулж байна.
Сургалтад Булган аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хяналт, шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, аймгийн цагдаагийн газрын алба хаагч, эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл оролцож, хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр төрийн байгууллагуудын уялдаа холбоо, салбар дундын зохицуулалтыг дэмжсэн сургалт болж байгаа юм.
Үргэлжлүүлээд говийн бүсийн сургалт Өвөрхангай аймагт арваннэгдүгээр сарын 8-10-ны өдрүүдэд, баруун бүсийн сургалт Говь-Алтай аймагт арванхоёрдугаар сарын 2-4-ний өдрүүдэд болох бөгөөд нийслэлийн 9 дүүргийн холбогдох алба хаагчдад арванхоёрдугаар сарын 6-8-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна гэж Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.