Монгол, Хятад хоёр орны соёлын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, хамтдаа хөгжих, хамтран ажиллах зорилготой “Хятад орныг танин мэдэх” Өвөрмонголын соёлын өдрүүд наймдугаар сарын 30-нд Соёлын төв өргөөнд албан ёсоор нээлтээ хийлээ.
Нээлтийн ёслолд ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Жан Шин Хүй, Өвөрмонголын Радио телевизийн хорооны дэд захирал Ли Же, Монгол Улсын Соёлын яамны төрийн нарийн бичгийн дарга Ч.Энх-Амгалан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Соёлын зөвлөх, Улаанбаатар дахь Хятадын төвийн захирал Ли Жи нар оролцлоо.
Нээлтийн онцлог үзүүлбэр нь Шаолиний 32 хуврагийн Үшүгийн тоглолт байлаа. Энэхүү Үшүгийн тусгай үзүүлбэрийг хүүхэд, залуус, хөгшид хэн хүнгүй шимтэн үзсэн. Дундад улсын хуврагуудын эртнээс нааш өнөөдрийг хүртэл хадгалж, уламжилж ирсэн эл зэвсгийн эрдэм олон нийтийг гайхшируулж, нүд, сэтгэлийг баясгав. Өөрөөр хэлбэл, энэхүү тусгай үзүүлбэрээс БНХАУ-ын онцлогийг харуулдаг Шаолинь Үшүгийн урлагийн тухай ойлголтыг авахаас гадна, энэхүү өв уламжлалын талаар танин мэдэх боломжийг олгож буй юм. Үүнээс гадна Соёлын төв өргөөний үзвэрийн танхимын гадна ном, соёлын худалдаа дэлгэсэн байлаа.
Энд В.Инжинашийн “Хөх судар”, Ч.Лодойдамбын “Тунгалаг тамир”, Ж.Пүрэвийн “Манан будан”, Р.Чойномын шүлгийн түүвэр зэрэг Монголын сор бүтээлийг хуучин монгол бичгээр эмхэтгэн, хямдралтай үнээр худалдаж байсан. Өвөрмонголын соёлын өдрүүдийн хүрээнд наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 4-ний өдрүүдэд кино өдөрлөг, уламжлалтын эмч нарын үзлэг оношилгоо, “Хятадын сайхан дуу-Монголын сайхан дуу” уралдаан болох юм.