Гар урлаач эмэгтэйчүүдийн “Бүсгүй цэцэг-2” нэгдсэн үзэсгэлэнг “Монгол арт” галерейд өнөөдрөөс эхлэн гурав хоног зохион байгуулна. Хоёр дахь жилдээ зохион байгуулж буй уг үзэсгэлэнд гар урлалын үйлдвэрлэл эрхлэгч 120 орчим уран бүтээлч оролцох нь. Тэд зүймэл даавуун урлал, уран зангилаа, нэхмэл, хатгамал, гоёл чимэглэл зэрэг төрлийн, цор ганц бүтээлээрээ нэгдэн оролцож байгааг зохион байгуулагчид онцоллоо. Энэ удаагийн үзэсгэлэнд оролцохоор Орхон, Хөвсгөл, Төв, Дундговь зэрэг аймгийн гар урлаачид зорьж иржээ. Үзэсгэлэнгийн үеэр сургалт, хэлэлцүүлэг зэрэг бусад арга хэмжээг ч зохион байгуулах гэнэ. Тухайлбал, ноос, ноолуурыг яаж эцсийн шатны бүтээгдэхүүн болгох талаар үнэ төлбөргүй сургалт явуулах юм байна. Уг үзэсгэлэнг санаачлан зохион байгуулагч, “Бүсгүй цэцэг” НҮТББ-ыг үүсгэн байгуулагч Б.Нямсүрэн “Ерөнхий зохион байгуулалтад нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрийн газар, Аялал жуулчлалын газар, Оюуны өмчийн газар, Иргэний бүртгэл, мэдээллийн төв зэрэг төрийн хэд хэдэн байгууллага хамтарч ажиллана. Үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэгч, найман наснаас 80 настан хүртэлх гар урлаачид, үйлдвэрлэгчид үзэсгэлэнд өргөнөөр оролцож байна. Мөн “Хаадын гэр” компанийн үүсгэн байгуулагч, доктор Б.Болор-Эрдэнэ, “Ноосон эдлэлийн гар урлалыг дэмжих төв” ТББ-ын захирал Ц.Цэнд-Аюуш нарын хүмүүс оролцсон илтгэл, хэлэлцүүлэг явуулна” гэв.