БХБЯ, Барилгын хөгжлийн төв, Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо зэрэг байгууллага хамтран “Барилгын сэргэлт” чуулганыг өчигдөр зохион байгууллаа. Барилгын тендерийн баталгааг өнгөрсөн намар бууруулж нийт зардлын 0.5, гүйцэтгэлийн баталгааг гурван хувь болгосон аж. Гэсэн ч аж ахуйн нэгжүүд барилга барих нэг тэрбум төгрөг тутамд багагүй хөрөнгө төгрөг байршуулж буйг чуулганд оролцогчид шүүмжиллээ. Түүнчлэн 100 сая төгрөгийн ипотекийн зээл авлаа гэхэд урьдчилгаанд нь 25-30 сая төгрөг байршуулдгийг шинээр даатгалын үйлчилгээ нэвтрүүлснээр багасгах боломжтойг чуулганы оролцогч, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хэлэв.
БХБЯ, Барилгын хөгжлийн төв хамтран 2022 онд барилгын материалын үнийн өсөлтийн судалгаа хийсэн бөгөөд өсөлт тооцох 78 нэр, төрлийн материалыг 800 болгосон аж. Ингэснээр улсын төсвийн хөрөнгөөр 1142 ажил гүйцэтгэж буй 636 компанид 304.3 тэрбум төгрөг нэмж олгохоор төсөвт суулгуулжээ. Мөн барилгын материалын үнэ сүүлийн хоёр жилд 7-8 дахин өссөнийг “Хөгжлийн төлөө барилгачдын нэгдэл” ТББ-ынхан тэмдэглэв. Ийнхүү барилгын бүх төрлийн материалын үнэ өссөн, зарим компанид нэмэлт санхүүжилт олгоогүй зэргээс шалтгаалж цөөнгүй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа доголдсон юм байна. Тиймээс хэвийн үйл ажиллагааг нь хангахтай холбоотой санал, санаачилга гаргах уриалга дэвшүүлж буйгаа “Хөгжлийн төлөө барилгачдын нэгдэл” ТББ, барилгын компанийн төлөөлөл мэдээллээ.