Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын (БХАТИХ) депутатууд өнөөдөр Ши Жиньпинийг БНХАУ-ын даргаар гурав дахь удагаа дахин сонголоо.
Төрийн тэргүүний сонгуулийг өнөө өглөө БХАТИХ-ын андугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар нууц санал хураалтаар явуулсан байна.
Ши Жиньпин ийнхүү гурав дахь удаагаа сонгогдсон Хятадын анхны ерөнхийлөгч болов. Түүнчлэн Ши Жиньпин тус улсын бүх зэвсэгт хүчнийг удирдан чиглүүлдэг Цэргийн төв зөвлөл (ЦЗХ)-ны даргаар улиран сонгогдлоо.
Тэрбээр анх 2013 оны гуравдугаар сард БНХАУ-ын даргаар таван жилийн хугацаатай сонгогдсон бөгөөд 2018 оны гуравдугаар сард дахин сонгогдсон юм.
Ши Жиньпин энэ жил 70 нас хүрч байгаа бөгөөд түүнийг хэр удаан төрийн эрхийг атгахаар төлөвлөж байгаа талаар нарийн таамаглал алга. Зарим шинжээчид одоогийн удирдагч дор хаяж 2035 он хүртэл байр сууриа хадгалахыг эрмэлзэнэ хэмээн үзэж байна.
БНХАУ-ын даргын албан тушаал нь 1954 онд тус улсын үндсэн хууль батлагдсанаар бий болсон бөгөөд энэ албан тушаалыг анх Мао Зэдун авсан юм. Энэ албан тушаалыг 1975 онд татан буулгаж, долоон жилийн дараа сэргээж байжээ. Үндсэн хуулинд нэг хүн БНХАУ-ын даргаар хоёр удаа таван жилийн хугацаатай сонгогдох эрхтэй байсан бол 2018 оны гуравдугаар сард хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны дараа холбогдох хязгаарлалтыг цуцалсан байна.