Монголын гүйгчид өнгөрсөн жил болсон “Их зургаан марафон” цуврал гүйлтэд дэлхийн өнцөг булан бүрээс оролцсон. Тус марафоныг олон улсад сурталчлан таниулах, цахимаар болон биеэр оролцох боломж, мөн мэдээллээр хангах зорилгоор 10, 21, 42.195 км зайд зохион байгуулж буй. Оролцогчид цувралуудын заасан хугацаанд өөрийн гүйх зайг сонгон, амьдарч буй газраа ямар ч аппликэйшн ашиглан гүйж болно. Энэ цуврал марафонд амжилттай оролцсон гүйгч “Зургаан од” медаль хүртдэг. Тэгвэл энэ медалийг гардсан гурван эмэгтэй Монголд бий. Тэдний нэг нь Дэлхийн монголчуудын гүйлтийн суваг, “MGL running channel”-ийн Ирланд улс дахь төлөөлөгч Б.Үйлсзаяа. Тэрбээр энэ жил Японы Токиод эхний цувралыг зохион байгуулахад амжилттай оролцож, дээрх шагналын эзэн болжээ. Дараагийн цуврал нь АНУ-ын Бостонд ирэх сарын 15-17-нд, гурав дахь нь Британийн Лондонд дөрөвдүгээр сарын 21-23-нд, дөрөв дэх нь Германы Берлинд ирэх есдүгээр сарын 22-24-нд, тав дахь нь АНУ-ын Чикагод аравдугаар сарын 6-8-нд, зургаа дахь нь Нью-Йорк хотод арваннэгдүгээр сарын 3-5-нд болох нь. Хаврын гурван цувралд нэгдсэн гүйгчдээс хамгийн идэвхтэй гүйсэн нэг оролцогчид “Нью-Йорк марафон 2023”-т, намрын гурван цувралд оролцсон оролцогчдоос мөн нэг хүнд “Лондон марафон 2024”-д виртуалаар оролцох эрх олгох юм.