Монголын бүх ард түмний спортын өвлийн XVI, Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадам Орхон аймгийн “Сархиа” цанын баазад гүйлтийн цанын өсвөрийн тамирчдын сонгомол төрлөөр үргэлжилж байна. Тус наадмын нээлтийн ёслол “Хангарьд палас”-т өчигдөр боллоо. Өвлийн спортын наадам сүлд дуутай болсныг энэ үеэр танилцуулав. Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Дашдондовын шүлэг, хөгжмийн зохиолч Н.Эрдэнэбаатарын аялгуу “Би монгол тамирчин” өвлийн спортын наадмын сүлд дуу болж, нээлтийн үеэр анх удаа эгшиглүүллээ. Эл бүтээлийг дуучин Б.Нямдэлгэр, Б.Ариунаа нар хамтран олны хүртээл болгов.