Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотод зохион байгуулагдсан Жюү Жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Ид шидийн орноос оролцсон Ч.Чинзориг мөнгөн медаль хүртжээ.
Түүний жинд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 20 тамирчин өрсөлдсөн ба Чинзориг маань Дэлхийн дэвжээнд эх орныхоо тугийг мандуулж чадлаа. Энэ талаар Ид шидийн орныг үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан " Энэ амжилтын цаана түүний хэдэн зуун өдрийн бэлтгэл, Энхтүвшин багшийн хэдэн мянган цагийн хөдөлмөр, өдийг хүртэл хүүгээ ганц ч өдөр алгасалгүй дэмжсэн ээж аавынх нь хайр явж байгаа юм шүү. Анхны дэлхийн аваргын медаль, анхны хилийн дээс, анхны нислэг, анхны тодотголтой бүхэн хамгийн нандин байдаг. Энэ бүх дурсамжаа, дэлхийн аваргын медальтайгаа цуг нандигнаж яваарай. Мянга мянган хүүхдэд итгэл найдвар, хүсэл мөрөөдөл бэлэглэсэн Чинзоригтоо дахин дахин баярлалаа. Энгэртээ медалиа гялалзуулаад ирэхэд нь ээж нь зүүн хацар дээр нь үнсээд угтах бизээ" хэмээжээ.