АН-аас хэвлэлийн бага хурал хийж, Монгол Улсын 2023 оны төсвийн төслийн талаар байр сууриа илэрхийлэв. Тус намын ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал “МАН 2020 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртөө цалингийн бодит хэмжээг инфляц, үнийн өсөлттэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэхээр тусгасан. Мөн ахмадуудад суурь тэтгэвэр олгож, доод хэмжээг нь инфляцтай уялдуулан үе шаттайгаар өсгөхөө амлаж байв. Монгол Улс анх удаа 20.5 их наяд төгрөг буюу түүхэндээ хамгийн их мөнгийг ирэх оны төсөвт зарцуулах гэж байна. Үүнийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын орлогоос авч буй татвар, хураамжаас бүрдүүлнэ. Өөрөөр хэлбэл, ийм хэмжээний мөнгийг иргэдийн нуруун дээр ачаа болгон үүрүүлэх нь. Эрх баригчид төсвийн төслийг боловсруулахдаа өнөөгийн дотоод болон гадаад нөхцөл байдал, хүчин зүйлүүдэд зөв дүн шинжилгээ хийж чадсангүй. Орлогоо хэт өөдрөгөөр төсөөлж, урсгал зардлыг үлэмж нэмэгдүүллээ. Хөрөнгө оруулалт шинээр тусгаагүй гэдэг нь худлаа. Өнгөрсөн хоёр жилд тойрогтоо эхлүүлсэн төсөл, хөтөлбөрүүдээ санхүүжүүлэхээр л байна. МАН-ын мөрийн хөтөлбөр нь одоо хүслийн жагсаалт болж хувирлаа” гэв.
Улмаар гадаад валютын нөөцийг хамгаалахад чиглэсэн мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлэхийг шаардлаа. Мөн төсвийн хэмнэлтийн бодлого баримталж, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 2023 онд 40-өөс доошгүй хувиар нэмэгдүүлэх эх үүсвэрийг төсөвт суулгах нь зүйтэй хэмээлээ. Эл шаардлагаа тэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлэв.
Бэлтгэсэн У.Наран