Дэлхийн аялал жуулчлалын байгууллага олон улсын аялал жуулчлал сэргэж байгаа талаар мэдээлж, энэ оны эхний долоон сарын статистикийг танилцуулав. 2022 оны нэгдүгээр сараас долдугаар сар хүртэлх хугацаанд дэлхий дахинд 474 сая жуулчин аялжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 299 саяар илүү буюу 170 гаруй хувиар өссөн үзүүлэлт юм байна. Бүх бүс нутагт жуулчдын урсгал эрс нэмэгджээ. Өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад Ойрхи Дорнод (287 хувь), Европ (190)- т аялагчдын тоо хамгийн их өсөлттэй гарчээ. Харин эдгээрийн дараа Африк, Америк, Ази, Номхон далайн бүс эрэмбэлэгдсэн аж. Жуулчлалын оргил үе нь зургаа, долдугаар сар байжээ. Энэ хугацаанд олон улсад 207 сая жуулчин аялсан нь өнгөрсөн оныхоос хоёр дахин өссөн үзүүлэлт гэнэ. Мөн эхний долоон сард аялсан нийт жуулчны 44 хувьтай тэнцэж байгаа аж.