Квант механикийн чиглэлийг судалсан Францын Ален Аспет, Америкийн Жон Клаузер, Австрийн Антон Цайлингер нарт Нобелийн физикийн салбарын шагнал олгох болжээ. Эдгээр эрдэмтний нээлтүүд нь хамгийн хүчирхэг дижитал чипүүдээс хэдэн зуу дахин хурдан тоологдох квант компьютерын прототипыг хүн төрөлхтөнд өгсөн бөгөөд энэ нь олон мянган жилийн турш шаардлагатай мэдээллийг шифрлэх боломжийг бүрдүүлсэн аж. Бидний ердийн тооцоолох төхөөрөмжүүдээр уг үйлдлийг хийхэд хэдэн мянган жил шаардагдах юм байна.
Квант механик нь бодис энгийн бөөмсийн түвшинд хэрхэн ажиллаж байгааг өөрөөр хэлбэл, микроскопоор харагдах төдий өчүүхэн хэсэгт өрнөж буй физикийн үзэгдлийг шинжлэх ухаан юм.
Физик нь Альфред Нобелийн гэрээслэлд дурдсан шинжлэх ухааны анхны салбар билээ. Шведийн хааны шинжлэх ухааны академиас физикийн салбарын шагналыг олгох ёстойг тэрбээр гэрээслэлдээ тэмдэглэжээ. Тус академи нь 1739 онд байгуулагдсан бөгөөд өдгөө Шведийн 450, гадаадын 180 эрдэмтэн ажиллаж байна.
Нобелийн хорооны гишүүдийг эл академиас гурван жилийн хугацаатай томилдог. Физикийн салбарын Нобелийн шагналтныг 116 дахь удаагаа тодруулж байна. 1901-2021 он хүртэл уг шагналыг 218 хүн хүртсэний дөрөв нь л эмэгтэй. 1901 онд анхны шагналыг цацраг туяаг нээсэн, Германы эрдэмтэн Конрад Рентген хүртсэн түүхтэй. Дэлхий даяар алдартай эрдэмтэн Альберт Эйнштейн (Герман, Швейцарын харьяат) 1921 онд фото эффектийн хуулийг нээснээр уг шагналын эзнээр тодорч байв. Физикийн салбарын шагналыг 32 удаа хоёр, 35 удаа гурван эрдэмтэн хуваасан гэнэ. Нобелийн шагнал хүртсэн физикчид дунджаар 55 настай байв. Өнөөг хүртэл энэ салбарын хамгийн залуу шагналтнаар Британийн 25 настай Лоуренс Брэгг (1915), өндөр настайгаар АНУ-ын 96-даа түүхэнд нэрээ мөнхөлсөн Артур Ашкин (2018) нар бүртгэгджээ. Лоуренс Брэгг эцгийн хамт энэ нэр хүндтэй шагналыг гардсанаараа мөн түүхэнд бичигдсэн байна. Тэднээс хойш дөрвөн ч эцэг, хүү ийм шагналтнаар тодорсон аж. Нобелийн шагналыг энэ жил 10 сая швед кроны (ойролцоогоор 900 мянган ам.доллар) хамт олгоно.