Италийн өмнөд нутгийн “Caroli” зочид буудлын сүлжээ цахилгааны төлбөр нь өндөр гарсны дараа үйл ажиллагаагаа зогсоохоор шийдвэрлэсэн тухай “Corriere della sera” сонин мэдээлэв. 1966 онд нээгдсэн тус байгууллагын наймдугаар сарын цахилгааны төлбөр 500 мянган евро гарсан аж. Ион тэнгисийн эргийн Саленто хот дахь тансаг зэрэглэлийн дөрвөн зочид буудлын 60 орчим жилийн түүх ийнхүү төгсжээ.
Өндөр төлбөр гарч байхад маш бага орлогоор үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүйд хүрснийг гүйцэтгэх захирал Капуто Аттилио нь мэдэгдсэн байна. Банкны зээл аваад ч нэмэргүй болж, цахилгаан хангамжийг зарим талаар шийдэх боломж олгох нарны зай хураагуур суурилуулах зөвшөөрлийг эрх баригчид хойшлуулсныг тэрбээр тэмдэглэв. Ойрын ирээдүйд зочид буудлуудаа эргэн нээх нөхцөл бүрдэнэ хэмээн К.Аттилио найдаж буй.
Одоо Италид бизнес эрхлэгчид эрчим хүчний төлбөр өндөр байгааг эсэргүүцэн жагсаж буй бөгөөд олон компани хаагдах дээрээ тулаад байгаа аж. Неаполь хотод талх, нарийн боовчид жагсаал, цуглаан зохион байгуулжээ. Тэдний хэлснээс үзвэл эрчим хүчний үнэ нэмэгдсэнээр ойрын саруудад нэг кг талхны үнэ 7-8 еврод хүрэх гэнэ.