Ширээний теннисний ДАШТ энэ сарын 30-наас аравдугаар сарын 9-нд БНХАУ-ын Чэндү хотод болно. Өмнөд хөршийнхөн цар тахлыг бүрэн дарах хатуу бодлогын хүрээнд спортын томоохон арга хэмжээнүүдийг цуцалж, хойшлуулсан. Тэгвэл ширээний теннисний ДАШТ-ийг өнжүүлэхгүйн тулд Бээжингийн өвлийн олимпын адил хаалттай хүрээнд зохион байгуулах аж. ДАШТ-д 1000 гаруй тамирчин оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ. Тэд тусгай үүргийн нислэгээр дээрх хотод газардана. Тэмцээнтэй өдрүүдэд тоглолтын ордон, зочид буудал гэсэн маршрутын дагуу зорчих юм. Өдгөө Хятадын 103 хотод цар тахлын шинэ тохиолдол бүртгэгдсэн нь 2020 оноос хойших хамгийн өндөр дүн болсон тул хатуу бодлого хэрэгжүүлж буй. Тухайлбал, ирэх жил Наньжинд болох хөнгөн атлетикийн танхимын ДАШТ-ийг 2025 онд хийхээр хойшлуулжээ. Мөн Хонконг, Макаод зохион байгуулах бадминтоны дэлхийн цуврал тэмцээн гурав дахь жилдээ цуцлагдаад байна. Түүнчлэн Ханжоуд болох байсан Азийн наадмыг 2023 он хүртэл хойшлуулсан. Ширээний теннисний ДАШТ нь өвлийн олимпоос хойш тус улсад зохион байгуулах спортын томоохон тэмцээн байх юм.