НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш Пакистаны Синд мужийн үерт нэрвэгдсэн бүс нутагт очиж, олон улсын хамтын нийгэмлэгээс Исламабадад яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэв. “НҮБ-аас Пакистаны төлөө хийж байгаа зүйл нь хийх ёстойгийн хажууд далайд дусал нэмэр төдий юм” гэж тэрбээр хэлснийг “Geo TV” уламжиллаа.
“Дэлхийд хүмүүнлэгийн гамшиг тохиолдсоныг олон удаа үзсэн ч уур амьсгалын ийм хэмжээний сүйрлийг хэзээ ч харж байсангүй. Өнөөдөр харсан зүйлээ тайлбарлах үг надад алга. Пакистанд болсон гамшгийн талаарх мэдээллийг бусад улс оронд хүргэх хүчин чармайлт гаргах болно” гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Карачи хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.Тус улсад өнгөрсөн сарын дунд үеэс үргэлжлэн орсон борооны улмаас үер буусан бөгөөд 1396 хүн амиа алдаж, 12 728 иргэн гэмтэж, 1 743 345 байшин, барилга эвдэрсэн гэж Үндэсний гамшгаас хамгаалах газраас нь мэдээлжээ.
Пакистанд жил бүрийн борооны улиралд их хэмжээний, ихэвчлэн сүйрэл дагуулсан хур тунадас ордог. Гэхдээ энэ чийг хөдөө аж ахуй, усан хангамжийн хувьд маш чухал. Энэ жилийнх шиг их хэмжээний хур тунадас хэдэн арван жилийн турш ажиглагдаагүй байхад хойд нутгаарх хурдацтай хайлж буй мөсөн голууд олон сарын турш усан замд сөргөөр нөлөөлж буй аж.
Чинээлэг орнууд Пакистан зэрэг хөгжиж буй орнуудад ийм гамшгаас ангижрахад нь туслах ёс суртахууны үүрэг хүлээдэг бөгөөд харамсалтай нь ирээдүйд дахин давтагдах уур амьсгалын нөлөөллийг даван туулах чадварыг бий болгох ёстой” гэж А.Гутерриш хэлээд, “Их20”-ийн орнууд өдгөө ялгаруулж буй хорт утааны 80 хувийн эх үүсвэр гэдгийг онцлон тэмдэглэв. Тэрчлэн дэлхий нийт, ялангуяа аж үйлдвэржсэн орнууд уур амьсгалын өөрчлөлтөд анхаарал хандуулахгүй байгаад тэрбээр харамсаж байна.
Пакистан улс дэлхийн хүлэмжийн хийн ялгаралтын нэг хүрэхгүй хувийг эзэлдэг ч “Germanwatch” төрийн бус байгууллагаас гаргасан мэдээллээр уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй цаг агаарын эрс тэс үзэгдэлд хамгийн өртөмтгий орнуудын жагсаалтын наймдугаарт бичигдэж байна. Пакистанд үерийн улмаас учирсан хохирлыг 30 тэрбум ам.доллар гэж НҮБ тооцоолжээ.