Баруун Африкт оршдог Гана улсад ямар нэг сонгууль болохоор тэндхийн хэвлэлд “мачомен” (түрэмгий, дураараа эрчүүд байж болох ч аливаа чухал үүрэг гүйцэтгэдэг, туршлагатай мэргэжилтнүүдийг бас ийн нэрлэдэг аж) гэх нэр томьёо гараад ирдэг байна. Булчин шөрмөс нь зангирсан, товир бадриун биетэй бусниулагч залуусыг ийн нэрлэх бөгөөд ардчиллын үйл явцыг ардчилсан бус замаар шийдвэрлэхийг илүүд үзсэн өөр хоорондоо өрсөлдөгч улс төрийн нам, хүчнүүд тэднийг өөрийн зорилгод ашигладаг аж.
2020 оны арваннэгдүгээр сард Гана улсын нийслэл Аккра хотын төвд бие бялдар сайтай, цагаан өнгийн дотуур цамцтай залуус цуглаад “Бидний бие сонгуулийн санал хураах хайрцагт зориулагдаагүй”, “Бид энх тайвны төлөө” гэсэн агуулгатай уриа хашхирч байлаа. Тэд үнэндээ тайван амгалан байдалтай, олонх нь инээвхийлсэн, эд муу юм хийхгүй нь гэх бодол хүмүүст төрүүлэхийг хичээсэн янзтай байв. Тэдний дунд бас өсгөлүүн чийрэг эмэгтэйчүүд ч харагдана.
Хэдхэн хоноод Ганад сонгууль болох гэж байгаа аж. Ийм үед мэтгэлцээн явуулах, сонгогчидтойгоо уулзалт цуглаан хийхдээ ч Ганы улстөрчид мачоменуудыг ашигладаг юм байна. Тэмцлийн тайван арга хэрэглээд нөлөөлж чадахгүй бол мөнгөний төлөө хүч хэрэглэсэн ямар ч үйлдэл хийхээс буцахгүй нөгөө булчинлаг залуус хөдлөөд явчихна.
“Мачомен” гэх нэр томьёо Ганы улс төрийн үг хэллэгт наад зах нь 1990-ээд онд орж иржээ. Энэ хүмүүсийн хийдэг гол ажил нь саналын хуудастай хайрцгийг хулгайлах. Сонгуулийн хэсэг дээр баахан түрэмгий, догшин залуус дайрч орж ирээд тэнд байсан төр, засгийн төлөөний хүмүүсийг зодчихоод хайрцгийг аваад алга болно. Сонгогчдыг айлгаж, өөрийн дэмжиж буй нэр дэвшигчийн төлөө саналыг нь өгүүлэхэд ийм хүмүүсийг бас ашиглана.
Тус улсын умард бүс нутгийн ажилгүй эрчүүд мачомен байх нь элбэг. Бусад нутгийнх нь хүмүүсийн яриагаар бол чухам энэ нутгийн эрчүүд амь дүйсэн, хүч хэрэглэсэн үйлдэл, аливаа бохир ажиллагаанд оролцомтгой байдаг гэнэ. Сонгуулийн үеэр мачомен гэгдэгч хүмүүс ямар үйлдэл хийдэг тухайд умардын Зонго хэмээх мужийн уугуул Алекс сурвалжлагчид ярихдаа “Тэд уг нь жирийн хүмүүс л дээ, сонгууль болохоор л улстөрчид хөлсөлж, ялагдаж болзошгүй болоод ирэхээрээ саналын хайрцгийг хулгайлуулдаг юм. Тэд ажил олохын тулд жингээ нэмж, биеэ томруулдаг” гэсэн байна. Түүний ярьснаар бол тэднээс тусламж авах гэсэн улс төрийн намын хүмүүс ирж, мөнгө өгч хөлсөлнө. Улстөрчид, мачомен нарын хооронд зуучилж завсраас нь түрийвчээ түнтийлгэдэг хүмүүс ч байдаг аж.
Ганы мачоменүүд яагаад энх амгалан байдлын төлөө жагсаал хийдгийг ойлгоход төвөггүй, тэднийг харсан хүмүүсийн толгойд сонгуультай холбоотой эмх замбараагүй байдал дэгдэх нь гэх бодол төрөх тул бадриун биетэй эр сонгуулийн санал авах хэсгийн хавьд харагдах л юм бол саналын хуудастай хайрцгийг булаан аваад зугтахаас нь урьтаж олноороо түүн рүү дайрч балбаж орхих магадлалтай байдаг. Үйл явдал саналын хуудастай хайрцгаар бас хязгаарлагдахгүй, сэтгүүлчдийн эсрэг хүч хэрэглэх нь цөөнгүй. Тухайлбал, 2017 онд хэсэг булиа эрчүүд телевизийн “Lou news” сувгийн зураглаачийг хүлээд, пинд хаячихсан тохиолдол бий юм. Саналын хуудсыг тоолж, тухайн хэсгийн сонгуулийн дүнг танилцуулж байтал гэнэт гэрэл унтарч, ялагдаж явсан намд хөлслөгдсөн нэг мачомен давхиж орж ирээд саналын хайрцгийг сольчихоод саналыг дахин тоолохыг шаарджээ. Комиссын дарга шаардлагыг нь хүлээж аваагүйгээс тэнд зодоон болж, энэ үйл явдлыг хальсанд буулгаж байсан зураглаач, сурвалжлагч хоёрыг хүлээд пинд хорьчих нь тэр.
2022 оны нэгдүгээр сард 10 чийрэг эр Аккра хотод байх “Аda” хэмээх радио станцын байрны хаалгыг нь эвдэж ороод, ажилтнуудыг нь зодож, сонгуулийн талаар ташаа мэдээлэл түгээсэн гээд, залруулахыг шаардав.
Мачоменүүдийн дуулиан шуугиан тарьсан аливаа үйлдэл улс төртэй холбоотой, тэд ямар ч бохир заваан ажилд оролцохоос буцдаггүй. Нэгэн ламтан авгайгаа хүчиндүүлэх гэж дөрвөн мачомен хөлсөлсөн тухай 2021 онд Ганы хэвлэлээр мэдээлжээ. Санаанд багтамгүй ийм захиалга өгсөн шалтгаан нь мань лам эхнэрээсээ сэтгэл хувирч, итали бүсгүйд ухаангүй дурласан явдал байв. Лам өөрөө бурхны шавь болохоор муу үйл хийх нь зохимжгүй, гэтэл салахын тулд ноцтой шалтгаан хэрэгтэй байдаг.
Мачоменүүдийн хувьд их “ажилтай” үе нь ээлжит сонгуулийн босгон дээр, улстөрчид тэднийг бие хамгаалагчаар авч, сонгуулийн явцад үймээн дэгдээх үүрэг ч өгнө. Цаашилбал булчинлаг залуус аливаа арга хэмжээний үеэр юм уу, клубуудэд харуул, хамгаалалт хийхээс гадна заримдаа кинонд хоёрдугаар зэргийн дүр бүтээнэ гээч. Америкийн Стэнфордын их сургуулийн профессор Ато Квайсон “Ихэнх тохиолдолд тэд Холливудад очиж чинээлэг америк эмэгтэйн фитнес-дасгалжуулагч болох замаар АНУ-д аж төрөхийг хүсдэг. Энэ мөрөөдлийнхөө талаар тэд надад байсхийгээд ярина, энэ нь булчингаа ашиглах тэдний үндсэн шалтгаан байсан гэж би үздэг” хэмээн номдоо бичсэн байна.
Мачомен бол 1980-аад оны Холливудын бие бялдраа хөгжүүлсэн эрчүүдийн нөлөөгөөр ажилчин ангийн дунд бий болсон Ганы урлагийн нэгэн төрөл зүйл юм. Гана хүмүүс тэднийгээ тус улсын ядуу зүдүү бүс нутгаас нийслэл хотыг зорьж ирсэн ажилгүй, бусдын хүчийг мөлжигч хувалзнууд мэт үздэг байна. Тиймээс бусдад хөлсөөр тус хүргэдэг энэ хүмүүстэй Аккра хотод цөөн байдаг, өртөг өндөртэй спорт клубүүдэд тааралдахгүй. Аккрад эдний цугладаг хамгийн нэрд гарсан клубийн нэгийг “White chapel” гэдэг. Тэнд очсон хүмүүс хууль бус үйл ажиллагаанд оролцохгүй, хүнд атлетик бол юуны өмнө нэр хүндтэй хүмүүсийн хувьд спорт юм гэдгийг харуулахыг зорьдог.
“Мачоменүүд энхийн төлөө” гэдэг уриа чухам үүнийг нотолно. Тэд олныг хамарсан лекц зохион байгуулж, хүч тамирын үзүүлбэр бүхий нөхөрсөг тоглолтууд хийдэг.
Эрчүүд спорт клубт ихэнхдээ хийх ажилгүй, уйдсандаа хүрч ирдэг аж. Олон түмэн тэднийг юуны түрүүнд гэмт хэрэгтнүүд гэж үздэг ч спорт клубт ирэгчид болохоор амьдралын хэвшил нь нийгэмд өөрийн гэсэн статус олж авах, эсрэг хүйсийн хүмүүсийнхээ (эмэгтэйчүүдийн) дур хүслийг татахад тусалдаг гэж үздэг байна.
Гана улсад мачомен байна гэдэг нь баатар юм уу, өөдгүй амьтны аль нэг нь байна гэсэн үг. Үүнээс өөр гурав дахь зам гэж байхгүй. Ийм хүний амьдрал нь ямагт тэмцэл байдаг. Энх амгалан байх, харилцан ойлголцохын төлөө аль нэг улстөрч, эсвэл ямар нэг намын өрсөлдөгчтэй хүч тамирын тулаан хийнэ. Мөн “буланд шахагдаж” байгаа хэн нэгнийг хамгаалах үүрэг ч заримд нь ногдоно.
Хамгаалах “ажил”-ыг “Соded” гэх нэртэй мачомений нууц бүлгүүд хийж, голчлон эмэгтэйчүүдэд тус хүргэдэг. Тэдний талаар Ганы хэвлэлд нэлээд ташаа мэдээлдэг, гана хүмүүс ер нь юмыг санаанаасаа зохиодог, аливаа үйл явдлыг хэтрүүлж хачирлах дуртайг мэдэж байх хэрэгтэй юм. Эс тэгвэл хэвлэлийн мэдээлэлд итгэхэд хүрнэ.
Нөхөр нь зодож нүдээд байх болсныг нэг эмэгтэй найз бүсгүйдээ ярьсан чинь түүнийг “Соded” бүлэгт хандахыг зөвлөсөн байна. Тун удалгүй нөгөө мачоменүүд тэднийд дайран орж, хайхрамжгүй, хэнэггүй гэрийн эзэнтэй нэлээд ярилцаад түүнийг эмнэлэг рүү авч явжээ. “Нөхөр маань одоо намайг жигтэйхэн хайрлаж, сайхан хандах болсон” гэж гэргий нь хожим ярьж явсан гэдэг. Блогчин Дэвид Папа “Соded”-ын буянтай үйлсийг тоочиж барахгүй байв. Сул доройд эрэлхүү “амьтдыг” хаширтал нь балбаж, өр ширнээс нь салгаж, хүүхнүүдийг үр хүүхэдтэй болоход нь ч тусалдаг аж. “Тэд бол мэргэжлийн хүмүүс. Өөрсдийгөө чухам хэн болохыг маш чадмаг нууцалдаг, тэднийг гагцхүү захиалагчдынх нь оролцоотойгоор л олж болно” гэж Дэвид Папа бичсэн байна.
Ямар ч байсан мачоменүүдийг Гана улсын соёлын нэг хэсэг гэж хэлж болно. “Хүмүүсийг айлгах юм уу, эмх замбараагүй байдал өдөөх, дэгдээх гэж бид булчин шөрмөсөө хөгжүүлдэггүй. Бидний хувьд Гана улсад маань юу сайн болохыг мэддэг номхон, хариуцлагатай хүмүүс. Бидэнд ямар нэг ёс бус юм хийх төлөвлөгөө байхгүй, ямар нэг муу юм болоход биднийг түүнтэй холбож буруутгахгүй байхыг л хүснэ” гэж мачомен Шаибу ярьж байлаа. Харамсалтай нь, сонгуулийг будилаантуулдаг танхай хүмүүс гэх хоч тэднээс мөд салахгүй янзтай.