БНСУ-д “Хиннамнор” хар салхины улмаас 10 хүн амиа алдаж, хоёр хүн сураггүй болсныг “Yonhap” агентлаг уламжиллаа. Онцгой байдлын төв штабынх нь мэдээлснээр Похан хотод үерт автсан авто зогсоолд хамгийн олон буюу долоон хүн амиа алдсан байжээ. Үерт автсан зогсоолд онцгой байдлынхан эрэл хайгуул хийсээр байгаа гэнэ. Хар салхины улмаас тус улсад гурван хүн гэмтжээ. Урьдчилсан мэдээллээс үзвэл Похан хот байгалийн гамшигт хамгийн их өртсөн байх магадлалтай бөгөөд зам, барилга усанд автаж, хөрсний гулгалт бүртгэгдсэн байна. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сок Ёль Поханыг гамшгийн онцгой бүсээр зарлах санал тавьжээ. Ийм бүсээр зарлавал Засгийн газраас нь тус хотыг сэргээн босгох, хохирогчдод нөхөн төлбөр олгоход мөнгө хуваарилах боломж нээгдэх аж. Тэрбээр тус хотын байдалтай биечлэн танилцахаа мэдэгджээ. Үүний сацуу Хятадын баруун өмнөд нутгийн Сычуань мужид газар 6.8 баллын хүчтэй хөдөлснөөс амиа алдагсдын тоо 65-д хүрснийг тус улсын төв телевиз дамжуулав.
Гарзе-Төвөдийн өөртөө засах тойрогт аврагчид 37 хүний цогцос олсон бөгөөд 12 иргэн сураггүй болжээ. Яань хотод 28 хүн байгалийн гамшигт нэрвэгдэн, амиа алдсан байна. Эдгээр бүс нутгийн 248 оршин суугч гэмтэж, бэртсэний дөрөвний нэгийнх нь бие тааруу байгаа аж. Сычуань мужийн эрх баригчид 50 мянган хүнийг түр нүүлгэн шилжүүлжээ. Хятадын Засгийн газраас аврах ажиллагаа явуулах, байгалийн гамшгийн уршгийг арилгахад зориулж 50 сая юань буюу 7.25 сая орчим ам.доллар олгосон гэнэ. Тус мужид зам, цахилгаан дамжуулах шугам, харилцаа холбооны дэд бүтэц эвдэрчээ. Аврагчид нуранги дороос хүмүүсийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна. 1.1 сая гаруй хүн амьдардаг Гарзе-Төвөдийн өөртөө засах тойрогт болсон газар хөдлөлтийн голомт Лудин хошуунд, 16 км-ийн гүнд бүртгэгдсэн юм.