Дэлхийн хэд хэдэн оронд ойн томоохон түймэр гарав. Бороо орохгүй, хэт халж, салхитай байгаа нь онц байдал үүсэх шалтгаан боллоо хэмээн дэлхийн хэвлэлүүд бичжээ. АНУ-ын Хойд Калифорнид байгалийн түймэр дэгдсэний улмаас 100 орчим байшин, барилга шатсан тухай “Associated press” агентлаг мэдээлэв. Үүний улмаас наад зах нь хоёр хүн бэртэж, олон мянган оршин суугч гэр орноо орхин дүрвэхэд хүрсэн байна.
Сан-Францискогоос 402 км-ийн зайд орших, 2.6 мянган хүн амтай Уэйд хотоос хойд зүгт энэ сарын 2-нд түймэр дэгдсэн аж. Түймэр Линкольн Хайтс дүүргийг хамрахаар, үлэмж тооны байшин шатаж, оршин суугчид яаралтай гэр орноо орхих шаардлагатай болжээ. Гал сөнөөгчид шөнийн цагаар л галыг 20 хувиар дарсан ч Оуидагаас баруун хойш гарсан өөр нэг түймэр нэлээд эрчимжсэн байна. Ийнхүү сүүлийн үед цаг агаар халуун байгаа Калифорнид гурван томоохон түймэр дэгджээ. Үүний өмнө Лос Анжелесийн хойд хэсэгт орших Кастаикийн тэгш өндөрлөг болон Мексикийн хилийн ойролцоох Сан Диего муж улсын зүүн нутгаар гарсан түймрийн улмаас олон мянган хүн дүрвэсэн байна.
Түүнчлэн “Хиннамнор” хар салхины улмаас БНСУ-д 368, Японд 134 нислэгийг цуцалжээ. Тэрчлэн усан онгоц, галт тэрэгний хөдөлгөөнийг хязгаарлахад хүрэв. Өмнөд Солонгосын Кёнсан, Чолла муж, Бусан хотод үер, хөрсний гулгалтын аюулаас сэрэмжилж, 3400 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа тухай “Kyodo” агентлаг мэдээллээ. Ульсан хотод нэг оршин суугч сураггүй болсонд тооцогджээ.
Японы баруун өмнөд Кюшю арлын Фүкүоко, Күмамото хот хоорондын хурдны галт тэрэгний хөдөлгөөнийг төмөр замын JR компани түр зогсоож, тус арлаар дайрах бусад чиглэл хоорондын зайг ихэсгэсэн тухай NHK телевиз мэдээллээ. Кюшю аралд секундэд 35, зарим үед 50 метр хүрч буй хар салхины улмаас 35 мянга орчим орон сууц цахилгаангүй болжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Окинава арлыг дайрсан хар салхины улмаас дөрвөн хүн гэмтэж, олон арван нислэгийг цуцалсан билээ.