Британийн Засгийн газрыг шинэ “Төмөр хатагтай” хэмээгдэхийг хүсэж буй, 47 настай Элизабет Трасс тэргүүлэх боллоо. Тэрбээр татварыг бууруулахаа амлаж, В.Путинийг зогсоохыг уриалсан. Борис Жонсоныг огцорсны дараа тус улсын эрх баригч Консерватив намын шинэ дарга, улмаар Ерөнхий сайдын нэрийг зарласан юм. Тус намын 200 мянга орчим гишүүний дунд явуулсан санал хураалтын дүнгээс үзвэл Э.Трассыг 81 326, түүний өрсөлдөгч Риши Сунакийг 60 399 нь дэмжсэн байна. Үүнд ялсан хүн автоматаар Британийн Засгийн газрын тэргүүн болдог уламжлалтай. Юуны түрүүнд тус улсын татварын ачааллыг бууруулах амлалт нь Гадаад хэргийн сайд Э.Трассыг сонгогчид дэмжихэд хүргэснийг Британийн улс төрийн тоймчид мэдэгджээ. Тэрбээр эрчим хүчний хямралын үед ч татвар нэмэхгүй гэдгээ удаа дараа онцолсон. Түүний өрсөлдөгч эдийн засагт урьд өмнө байгаагүй хүнд нөхцөл байдал үүссэнийг харгалзан ийм арга хэмжээ авахыг үгүйсгээгүй ч популизмд автахгүй байхыг уриалсан. Үүний сацуу олон нийтийн санал асуулгад оролцогчид Э.Трассыг улс орны нарийн төвөгтэй асуудлуудыг өмнөх Ерөнхий сайдаас илүү шийдэж чадна гэдэгт итгэхгүй байгаа. “YouGov” компаниас явуулсан судалгаагаар шинэ Ерөнхий сайд эдийн засаг, коронавирусийн эсрэг тэмцлээс эхлээд Украины мөргөлдөөнтэй холбоотой нөхцөл байдал, Умард Ирландын талаар Европын Холбоотой хийх хэлэлцээ гээд бараг бүх салбарт үр нөлөөтэй ажиллаж чадна гэж үзэхгүй байна.