УДЭТ-ынхан урын санд нь багтдаг уянгын жүжгүүдээ ирэх сард үзэгчдэд хүргэхээр болжээ. Тухайлбал, Оросын нэрт зохиолч В.И.Красногоровын “Би ч гэсэн жаргамаар байна”, О.Элбэгтөгсийн зохиол “Надтай үлдээч”, Л.Өлзийтөгсийн “Бүсгүйн зурвас” жүжгийг толилуулах нь. УДЭТ-ын хамт олон “Би ч гэсэн жаргамаар байна” жүжгийг үзэгчдэд 2010 онд анхлан хүргэсэн. Эл жүжиг нь нэгэн амралтын өдөр гэр бүлийн хоёр хуримын ойгоо тэмдэглэхээр дотнын найзуудаа урьж буйгаар эхэлдэг. Үнэндээ уригдсан зочид нь тэдний найзууд бус, нууц амрагууд. Харин “Бүсгүйн зурвас”-ыг УДЭТ-ынхан 2019 оноос үзэгчдэд хүргэж буй бөгөөд нэр төртэй, төрийн түшээ Архай, түүнтэй ярилцлага хийхээр тохирсон, сэтгүүлч бүсгүй Итгэл нарт тохиолдох үйл явдлаар хүний мөн чанар, ёс зүй, үнэ цэн, хайр сэтгэл, итгэл үнэмшлийн тухай өгүүлдэг. “Надтай үлдээч” жүжгийг мөн 2019 оноос үзэгчдэд хүргэж буй бөгөөд эл уран бүтээлээр орчин цагийн залуусын үерхэл нөхөрлөл, хайр дурлал, гэр бүлийн үнэт зүйлийн талаар хөнддөг.