АН-ын “4:11” ээлжит мэдээллийн цаг өчигдөр болов. Энэ үеэр тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр өнгөрсөн даваа гарагт болсон Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны талаар байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр “Цэц ардчилсан Үндсэн хуулиар их тоглож, олон зарчимгүй шийдвэр гаргаж ирсэн. Энэ удаа бүр увайгүй ажиллаж, МАН-ын Удирдах зөвлөлийн хэлтэс, тасаг шиг болсноо харууллаа. Миний хүндэлж явдаг эрдэмтэн, судлаачид Үндсэн цэцийн гишүүнээр ажиллаж буй. Тиймээс ч Үндсэн хуулиа хамгаалж, өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй байх болов уу гэж найдаж байсан ч тэд албан тушаалтайгаа үлдэхийн тулд эрх баригчдын захиалгыг биелүүллээ. Одоо та бүхэн хууль дээдлэх ёсны талаар ярих эрхгүй боллоо” гээд Цэцийг татан буулгахад буруудахгүй хэмээн онцлов. Мөн “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн бүрэлдэхүүн хэсэг тул өөрөө, өөртэйгөө зөрчилдөнө гэж байхгүй. Гэтэл Цэц нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуультай харшилсан гэж үзэж, утгагүй шийдвэр гаргалаа. Үндсэн хуулийн дээр хөх тэнгэр байдаг гэж ярьж байгаа Т.Доржханд гишүүн парламентад суух эрхгүй. ХҮН болон бусад жижиг гэгддэг нам бүгдээрээ МАН-ын халаасанд орчихож. Засгийн газарт “давхар дээл”-тэй сайд дөрөв байхыг үгүйсгэж буй нь УИХ 76 гишүүн сонгогдох нь Үндсэн хууль зөрчсөн гэдэгтэй адил сонсогдож байна” гэв. Түүнчлэн Батлан хамгаалах яам, ЗХЖШ-аас ОХУ-ын цэргийн сургуулилалтын талаар мэдээлэл өгөхийг шаардлаа. АН-ын хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргаснаа тайлбарлав. Тэрбээр УИХ-ын тухай хуулийн 31.12 дахь заалт буюу парламент дахь намын бүлгийн даргатай холбоотой заалт нь Үндсэн хуультай нийцэхгүй байна хэмээн мэдээлэл гаргасан аж.
Үүнээс гадна Ардчилсан ахмадын холбооны тэргүүн Б.Батсайхан тус хэвлэлийн хуралд оролцож, холбоондоо 11 тэргүүлэгч сонгосныг дуулгав.
Бэлтгэсэн Б.Уран