Өчигдрийн байдлаар эрчим хүчний салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангах ажил 64.2 хувьтай үргэлжилж байгааг мэдээллээ. Дээрх ажлын хүрээнд Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай өчигдөр “ДЦС-3” ТӨХК-д ажиллав. Энэ үеэр өвөлжилтийн бэлтгэл хангахад хүндрэлтэй байгаа асуудал, дулааны 5А магистраль шугамыг өргөтгөх төслийн явц, станцын суурилагдсан хүчин чадлыг хоёр үе шаттай нэмэгдүүлэх ажлын явцтай танилцжээ. Хил гаалиар бараа нэвтрүүлэхийг хязгаарлаж буй тул туслах тоноглолын зарим ажил удааширч байгаа зэргийн талаар дээрх станцын удирдлага танилцуулжээ. Иймээс хил гаалийн нэвтрүүлэлт, тээвэрлэлтийн асуудалд салбарын яамны холбогдох албан тушаалтнууд анхаарч, төрийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзан, шийдвэрлүүлэхээр болсон аж. Мөн нэн шаардлагатай ижил төстэй бараа, материалыг салбарын компаниудын нөөцөөс гаргуулж, эргүүлэн өгөх нөхцөлийг судалж танилцуулах зэрэг үүрэг даалгавар өгчээ.
Бэлтгэсэн Б.Сонор