Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн холбогдох заалтын талаарх маргааныг Цэц энэ сарын 15-нд буюу ирэх даваа гарагт их суудлын хуралдаанаараа хянан хэлэлцэхээр товложээ. 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг Цэцэд өгсөн тохиолдол нэг бус. Тодруулбал, хуульч Д.Үүрцайх УИХ-ын гишүүн Т.Доржхандын хамт өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Цэцэд мэдээлэл гаргахдаа дээрх нэмэлт, өөрчлөлтийн 39.1-т “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” хэмээн зааж, сайд нар “давхар дээл”- тэй байхыг хязгаарласан нь Үндсэн хуулийн суурь зарчим, үзэл санаа, тодорхой заалтуудтай зөрчилдөж байна гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Мөн УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ш.Адьшаа нар үүнтэй ижил агуулга бүхий мэдээлэл гарган, Цэцэд хандсан юм.
“Давхар дээл”-тэй холбоотой асуудлаар Цэц маргаан үүсгэж, дунд суудлын хуралдаан зарласан ч хойшилсон бөгөөд дахин товлоогүй байв.
Бэлтгэсэн Б.Уран