Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн төлөөллийг өчигдөр хүлээн авч уулзлаа. Хөгжлийн бэрхшээлтэй, тэр дундаа тархины саажилттай хүүхэдтэй аав, ээжүүдийн төлөөлөл болсон 20 гаруй хүн Төрийн ордны хаалгыг уржигдар өдөржин сахиж, шөнө нь хонож байж Засгийн газрын тэргүүнтэй уулзсан нь энэ. Тэдэнтэй хамт саажилттай дөрвөн хүүхэд тэнд өглөө болгожээ.
Монголд эмчлүүлэх боломжгүй өвчтэй, гадаад орныг яаралтай зорих шаардлагатай байгаа хүүхдүүдийн эмчилгээний зардлыг төр хариуцахыг эцэг эхчүүд хүсэж буй. Улмаар эмчилгээ, мэс заслыг нь эх орондоо хийлгэх боломжоор хангах, тархины саажилт, уналт, таталт тэргүүтэй бусад төрлийн эмгэг өвчтэй хүүхдүүдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахыг тэд хүсэж байгаа. Цаашлаад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа эцэг, эхчүүдэд олгох тэтгэмжийг нэмэгдүүлэх, орон сууцжуулах хөтөлбөрт хамруулах, тэдгээр хүүхдийн сурах эрх, тусгай сургууль, цэцэрлэгийн хүртээмж, стандарт, эмч, эмнэлгийн ажилтны ур чадвар, ёс зүйгүй байдал, агаарын болон хөрсний бохирдол гээд маш олон асуудлыг тоочно лээ. Гэвч тэд манай улсад тасалдаад буй эм, тариаг нь яаралтай татаж авчруулахыг л юуны түрүүнд хүссэн юм. Хүүхдүүдийнхээ хэрэглэдэг 29 төрлийн эмийн жагсаалтыг тэд шат шатны албан тушаалтнуудад хүргүүлжээ. Тэдгээрээс 10 гаруйг нь түгээмэл хэрэглэдэг аж.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн уналт таталтын эсрэг 18 нэршлийн эмийг 50-70 хувийн хөнгөлөлттэйгөөр өнгөрсөн оноос Эрүүл мэндийн даатгалын сангаас олгохоор болсон аж. 2021 онд үүнд 234.7, 2022 онд 96.4 сая төгрөгийн хөнгөлөлтийг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгоод буй ч энэ нь хаанаа ч хүрэлцдэггүй юм байна. Тиймээс тархины саажилттай хүүхдүүдийн тогтмол хэрэглэдэг, таталтын эсрэг болон булчин суллах эм, тариаг ихэвчлэн хувь хүмүүс гадаадаас нууцаар авчирч, гар дээрээс худалддаг тогтолцоо бий болоод олон жилийг үджээ. 10 настай хүүхдийнхээ амийг төрсөн цагаас нь л тийм эм, тариагаар торгоож байгаа ээж тэнд жагссан эцэг, эхчүүдийн дунд бий. Тэдгээр эм нь манай улсын бүртгэлд байдаггүй тул Монголын хилийг давуулах нь хууль бус болчихож байгаа юм. Хүмүүс тэр бүр хэрэглээд байдаггүй, чамгүй үнэтэй тэдгээр эмийг хувийн хэвшлийнхэн Монголд авчраад ашиггүй тул тоодоггүй. Оруулж ирдэг хэдхэн компани нь маш багаар авчирдаг учраас хүрэлцдэггүйн зэрэгцээ хувь хүмүүсээс авдгаас ч өндөр үнэ хэлдэг. Тиймээс төр, засгаас зөвшөөрлийг нь өгөөд, оруулж ирэх хүсэлтийг хоёр жил гаруйн өмнөөс эцэг, эхчүүд албан ёсоор тавьсан ч ажил хэрэг болгосонгүй. Эрүүл мэндийн сайд С.Энхболдын хэлснээр энэ сард багтаан 10 нэр, төрлийн эмийг оруулж ирэх гэнэ. Гэвч эцэг, эхчүүдэд итгэл алга. Сүүлийн үед цар тахлын улмаас эм, тарианы олдоц муудаж, бүр тасалдан, үнэ нь улам нэмэгдсэн учраас өөрийн эрхгүй суулт зарлахад хүрснээ эцэг, эхчүүд учирлаж байна. Хэдийгээр хууль бус ч гадаадаас авчирч, хүүхдүүдийг эмээр нь тасалдаггүй зарим иргэнийг хууль, хяналтын байгууллагаас шалгаж, байцааснаас “нийлүүлэлт” нь бүр ч багасжээ. Өнөөдрийн эмийг байгаа нэгнээсээ авч, маргаашийнхыг дахиад өөр хүнээс гэх мэтээр өдөр, хоногийг аргацааж буй тэд энэ асуудлыг төр яагаад шийдчихэж болдоггүй юм бэ хэмээн цөхрөнгөө барчихаж. УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэгийн хэлсэнчлэн “улстөржих” тэнхээ тэдэнд алга. Өнөөдөр уулгах эмийнх нь төлөө өвчтэй хүүхдээ тэврээд тэнд ирсэн эцэг, эхчүүд тийм үг сонсож тэвчилгүй түүнийг хөөсөн байна лээ. Байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Уналт, таталтын эсрэг зарим нэр, төрлийн эмийг үнэгүй олгох жагсаалтад оруулах талаар судалж, 2023 оны төсөвт суулгаж, шийдвэрлүүлэхийг Эрүүл мэндийн сайдад чиглэл болгосон” хэмээсэн. Эхлээд ядаж л эдгээр эмийг нь эх орондоо оруулж ирэх хэрэгтэй байгаа юм. Тэд уг нь үнэгүй эм нэхээгүй шүү дээ.
Бас Б.Баярсайхан гишүүн тэдэнтэй уулзахдаа хүүхдийн таргалалт их байна, чихрийн хэрэглээг багасгах ёстой, ундааны татварыг нэмэх нь зүйтэй гэх мэтээр ярьж, “соён гэгээрүүлэх” гэж оролдсон нь ч эцэг, эхчүүдэд таалагдсангүй. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл ээж, аавуудтай уулзахдаа энэ асуудлыг дөнгөж мэдэж байгаа аятай хандсан нь ч эгдүүцлийг нь төрүүллээ. Тэд “Таныг Эрүүл мэндийн сайд байхад ч энэ асуудлыг зөндөө ярьж, шаардсан шүү дээ” хэмээн амыг нь асууна лээ. УИХ-ын гишүүн Т.Доржханд бас дутсангүй. Тэрбээр сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж, энэ асуудлыг шийдүүлэхийн төлөө тууштай ажиллахаа хэлэв. “Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Тархины саажилттай, хэзээ ч эдгэхгүй өвчтэй хүүхдүүдээрээ түрээ барьсан хэдэн хүн мөнгө нэхээд яваад байна” гэж ярьсанд нь гомдож байна” хэмээн хоолой нь зангирах ээж ч тэнд байна. УИХ-ын гишүүн, сайд нар тэдэнтэй уулзахдаа хийсэн, хийнэ гэх ажлаа ярьж, “сурталчилсан” нь ч эцэг, эхчүүдэд сонин санагдсангүй. Өвчтэй хүүхдээ тэврээд зогсож байгаа хүмүүсийн өөдөөс тавлаж байгаа мэт хэрэгтэй, хэрэггүй зүйл ярьж байгаа түшээд “өрөвдөлтэй” харагдана лээ. Ер нь ямар нэгэн асуудлыг өөрсдийгөө дөвийлгөн, тодруулах боломж гэж харж, “шоуддаг” улстөрч олон болжээ.
“Эмийн асуудлыг 2023 онд шийднэ” гэх албан тушаалтнуудад хэлэхэд, тархины саажилттай хүүхдүүд тогтсон эмээ хоёр хоног хэрэглэхгүй байхад л хүндэрч, хэцүүддэг юм билээ шүү. Үнэндээ үүнийг эрүүл мэндийн салбарынхан, албан тушаалтнууд нь сайн мэдэж байгаа. Энэ бол өчигдөр, уржигдар л гараад ирсэн асуудал биш. Олон жилийн турш ийм л байдалтай явж, эцэст нь тартагтаа тулаад, эцэг, эхчүүд нь өвчтэй хүүхдээ тэврээд суулт зарлаж байгаа юм. Өдөр, хоногийг аргацаасан, өр өвтгөм байдал нь эмийн асуудал хариуцсан агентлагтай болоод бүр дордсон нь энэ. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрыг Засгийн газрын агентлагийн хэмжээнд байгуулснаас хойш бараг хоёр жилийн нүүр үзэх гэж байна. Эмийн зах зээл дэх төрийн зохицуулалт, хяналтыг хариуцан ажиллах ёстой энэ байгууллагынхан шуурхай, мэдрэмжтэй ажиллаагүйгээс тархины саажилттай хүүхдүүдийн эм тасарчихаад байгаа хэрэг. УИХ-ын гишүүд агентлагийн урдуур орж, Эмийн хяналтын тогтолцоо, үр нөлөөний талаар шалгалт хийх үүрэгтэй түр хороог байгуулсан нь ч тус байгууллагын үйл ажиллагаа хангалтгүй байгаатай холбоотой. Юутай ч эцэг, эхчүүд Төрийн ордны үүдийг сахих хүртлээ эл агентлаг, Эрүүл мэндийн яамны албан тушаалтнууд, сайд, дарга гээд хандаагүй хүн үгүй юм билээ. Өндөр хөгжилтэй орнуудад хэрэглэдэг, үр дүн сайтай байгаа эм, тариаг нь улсын бүртгэлд оруулах ажлыг яагаад шуурхай зохион байгуулж чадсангүй вэ. Шууд бүртгэх эрх мэдэл нь хүрдэггүй юм бол шат шатны байгууллага, албан тушаалтнуудад нь яагаад хандаагүй юм бэ. Таталтын эсрэг, булчин суллах эм, тариа үйлдвэрлэгч компаниудтай нь шууд хэлэлцээ хийн, оруулж ирэх эрх Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт байхгүй юм уу. Ер нь цар тахлын үед бөөр орлуулах аппаратнаас авхуулаад олон эм, тариа, эмнэлгийн хэрэгсэл дутагдаж, ажил хариуцсан хүмүүс нь зохион байгуулалт, уялдаа холбоогүй байсан нь нэлээд шүүмжлүүлсэн шүү дээ.
Яах вэ, улсын төсөв болон Засгийн газрын тэргүүний эрх мэдлийн хүрээнд асуудлыг нь шийдвэрлэж, дэмжиж ажиллахаа Ерөнхий сайд илэрхийлээд, зарим үүрэг, даалгаврыг салбарын сайд нартаа өгнө лээ. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа иргэнд олгох тэтгэмжийг нэмэгдүүлэх, өндөр хөгжилтэй орноос нарийн мэргэжлийн зөвлөх эмч, мэс заслын багийг энэ онд эх орондоо урьж ажиллуулах талаар судлахыг даалгав. Мөн сургууль, цэцэрлэг барихдаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах боломж бүрдүүлэх, ЭХЭМҮТ-д тархины саажилт, бусад төрлийн эмгэгтэй хүүхдэд зориулсан тасаг, өрөөтэй болгохыг үүрэгдсэн юм. Эцэг, эхчүүдийн тавьсан санал, хүсэлтийг багцлан ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанд танилцуулан, зарим шийдвэрийг гаргах гэнэ.
Гэвч энэ нь шаардлага тавьсан эцэг, эхчүүдийг хүлээн авч, юу хэлэхийг нь сонсоод л гаргаж буй хэрэг болохоос асуудлыг нь шийдчихсэн юм биш. Эдгээрийг өнөөдөр сонсоод, маргааш хэрэгжүүлэх хэцүү. Монголын өмнө тулгамдаж буй, суурь өөрчлөлт шаардсан олон бэрхшээлийн ердөө нэг нь. Олон нийтийн сүлжээ, Төв талбай гээд хаа сайгүй хандивын аян өрнүүлэх замаар ард нь гарахгүй гэсэн үг. Эрүүл мэндийн салбарт тулгарч буй олон асуудал, тогтолцооны оновчтой шийдэл хүлээж байгаа ажлуудын нэг нь энэ. Арван сар хэвлийдээ эрүүл бойжуулчихаад эх баригчийн гарт эрэмдэглүүлж, эсвэл төрсний дараах нярайн шарлалтыг нь зөв оношилж, эмчлээгүйн улмаас хүүхэд нь тархины саажилттай болсон эцэг, эх эргэн тойронд дэндүү олон байна. Тархины саажилттай хүүхдүүдийн эцэг, эхчүүдийн хэлснээр ийм өвчтэй хүүхдүүдийн 80 хувь нь олдмол буюу эмнэлгийн байгууллагынхны буруутай үйлдлээс болж хохирчээ. Эмч, эмнэлгийн ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, ёс зүй, хариуцлага алдагдсаны жишээ гэвэл энэ.