"Бээжин-2022" өвлийн олимпод гарын таван хуруунд багтахаар цөөн тамирчид оролцож буй. Харамсалтай нь, Монголоос тэдэнтэй хамт мордсон эрхмүүдийн дунд тамирчдад нөмөр нөөлөг болж, амжилтад ташуурдах хүн цөөхөн гэнэ. Тухайлбал, манай олимпын багийнхны ахлагчаар "60 тэрбум"-ыг босгож, төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан хэргээр яллагдагчаар татагдаж явсан Ц.Сандуй ажиллаж буй. Эрүүгийн хэрэгт холбогдож, гэм буруугүйгээ баталж чадаагүй эл эрхмийг өдгөө хүн бүр эсэргүүцэж байна. Цүнх баригчдад албан тушаал амлаж, авлига хээл хахууль авсан гэгддэг тэрбээр хуулиа хэрэгжүүлдэг оронд бол хэдийнэ "аавын хаалга" татах байтал, миний, чиний, таны татварын мөнгөөр тарвалзаж, гэрэл зурагчдын дуранд өртсөн шигээ таахалзаж яваад олон нийт тааламжгүй хандаж, бүр илт дургуйцэж байгаа юм. Үнэндээ тэр туршлагатай тамирчин биш, тулхтай улстөрч ч биш, харин намчин, цүнх баригч гэдгээ өнгөрсөн жилүүдэд өөрийн үг, үйлдлээрээ баталсан л нэгэн. Тийм байтал хүн төрөлхтний эв нэгдлийн наадамд оролцож буй тамирчдыг түүгээр ахлуулсан нь их спортыг, олимпын наадмыг дорд үзсэн хэрэг хэмээн хэлэх тамирчин захаасаа аваад байгаа юм. Товчхондоо, Ц.Сандуйд олимпын багийг ахлах нэр, нүүр, эрх байхгүй.
Үүнээс гадна Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус олимпын нээлтэд оролцохоор өргөн бүрэлдэхүүнтэй Монголоос хөдөлсөн нь бас олоны анхаарлаас хол байж чадсангүй. Монголын талаас Ерөнхий сайдыг дагаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Сангийн сайд Б.Жавхлан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумьяабазар, УИХ дахь Монгол, Хятадын парламентын бүлгийн дарга Т.Аюурсайхан, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Ерөнхий сайдын ахлах зөвлөх, орчуулагч нар Хятадад очжээ. Улсын мөнгө уйлдаггүй гэгчийн үлгэрээр энэ бүрэлдэхүүнд өөр хүмүүс ч оролцсоныг эх сурвалж хэлж буй. Харин албаныхан үүнийг үгүйсгэж, бид 50-иулаа биш ээ, 15-уулхнаа явсан хэмээн гэдийж буй. Үнэндээ 15 гэдэг ч ахадсан тоо. Ерөнхий сайд аман дээрээ Эдийн засгийг сэргээх 10 их наядын цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ, төсвөө тана гэчихээд амьдрал дээр өргөн бүрэлдэхүүнтэй дагуулж, татвар төлөгчдийн мөнгөөр зугаалуулж, зугаацах боломжийг нь нээж өгсөнийг олон нийт эсэргүүцэж байна.