Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, хэлэлцсэн асуудал болон гаргасан шийдвэрийнхээ талаар танилцууллаа. Энэ үеэр "Хүн амаа вакцинжуулалтын гуравдугаар тунд хэзээ хамруулах вэ" гэх сэтгүүлчийн асуултад Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Одоогоор Эрүүл мэндийн яамнаас энэ чиглэлийн судалгааг хийж байна. Хэрэв судалгаа амжилттай болбол туршилтын ажлыг эхлүүлэх боломжтой. Манай улсын эрдэмтэд ирэх сараас тодорхой зорилтот бүлгийнхнийг коронавирусийн эсрэг вакцины гуравдугаар тунд хамруулж, туршилт хийхээр төлөвлөж байгаагаа Засгийн газарт танилцуулсан. Харин Засгийн газраас баттай шийдвэр гаргаагүй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зарим улс хүн амаа вакцины нэгдүгээр тунд бүрэн хамруулж чадахгүй байхад бусад нь гуравдугаар тунг санал болгох нь зохиомжгүй хэмээн үзэж байгаа" гэв. Мөн тэрбээр 18-25 насны иргэдийн дархлаажуулалтад хамрагдах идэвх муу байгаа талаар мэдээлэв.