Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Эдийн засгийн сэргээн босголт, “Ковид-19” цар тахалтай тэмцэх асуудал эрхэлсэн сайд Я.Нишимүра, Японы ХӨСҮТ-ийн захирал Т.Вакида нарыг хүлээн авч уулзан, халдварын нөхцөл байдал, төр, засаг, эрүүл мэндийн байгууллагаас авч буй арга хэмжээний талаар санал солилцлоо. Японы Засгийн газар цар тахлын үед манай улсад дэмжлэг туслалцаа үзүүлж, нэн ялангуяа өсвөр насны хүүхдүүдийг вакцинжуулж байгаад сайд Л.Оюун-Эрдэнэ талархал илэрхийлэв. Тэрбээр хичээл сургуулийн үйл ажиллагааг хэрхэн зохицуулж, эмчилгээнд ямар эм хэрэглэж, эдийн засгийн цаашдын төлөв байдлыг хэрхэн тооцож, “Ковид-19” цар тахлын дараа ард иргэдийг энгийн амьдралд нь аль болох хурдан эргэн оруулах ямар стратеги төлөвлөгөөтэй байгаа талаарх Япон Улсын туршлага, үйл ажиллагааг сонирхов. Японд дельта вирус хэр тархсан, дархлаажуулалт үр нөлөөгөө өгсөн, эсэх, эмийн хэрэглээ, нэн ялангуяа хүндээр өвдсөн өвчтөнүүдэд чиглэсэн эмчилгээний талаар тодруулж, мэдээлэл авсан юм. Японы ХӨСҮТ манай эмч, ажилтнуудыг сургалтад хамруулж, дадлагажуулах зэргээр дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийлээд, манай улсын ХӨСҮТ-өөс тус төвд илгээгээд буй “SARS-CoV-2” вирусийн гений өөрчлөлтийг шинжлүүлэх ажлыг хурдасгаж өгөхийг хүсэв.
Японд хэрэглэж байгаа, коронавирусийн эсрэг гол эмүүд хөнгөн шинж тэмдэгтэй өвчтөнүүдэд илүү үр нөлөөтэй байгаа, мөн цар тахлын эсрэг эм шинээр бүтээж буй талаараа сайд Я.Нишимүра танилцууллаа. Дельта вирусийн тархалт нийт тохиолдлын 30-40 хувьтай тэнцэж, үүнээс урьдчилан сэргийлэхэд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахихын сацуу хавьталд орсон иргэдийн бүртгэл мэдээллийг нарийвчлан гаргаж байгааг тэрбээр хэлэв. Япон Улс эмнэлгийн ажилтнууд, өндөр настнуудаа вакцинд хамруулж дууссан, албан байгууллага, ажлын байранд коронавирусийн тохиолдол их гарч байгаа, түүнчлэн айл өрхийн нэг гишүүн өвдөхөд бусад нь дагаад халдвар авч буй тул урьдчилан сэргийлэхэд түлхүү анхаарч байгаа аж.
Сайд Я.Нишимүра халдварын цаашдын төлөв амаргүй байхыг онцлоод, энэ оны 10-11 дүгээр сард багтаан хүн амынхаа 60 орчим хувийг вакцинжуулж, дараа нь эдийн засгийн үйл ажиллагаагаа идэвхжүүлэх боломж нэмэгдэнэ гэж харж байгаагаа хэлсэн юм. Японд PCR шинжилгээнд өдөрт 100 мянган иргэн хамрагдаж, 15 минутын дотор хариу нь гардаг түргэвчилсэн оношлуур өргөнөөр ашиглаж байгаа гэнэ.
Дараа нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Японы эрх баригч Либерал ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Т.Никай, Японы парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши, тус бүлгийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга А.Такэбэ, гишүүн Т.Кобаяши нартай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Т.Никай, М.Хаяши тэргүүтэй Японы парламент дахь найрамдлын бүлгийн гишүүд Монгол, Японы харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхэд онцгой анхаарал хандуулж, дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ талархал илэрхийлэв. Мөн ирэх онд Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан хоёр орны хамтын ажиллагааг, нэн ялангуяа худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, аялал жуулчлалын салбарт улам өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа хэлсэн юм. Түүнчлэн ойн хүрээнд хоёр улсын парламент дахь найрамдлын бүлгийн гишүүдийн хэлхээ холбоог бэхжүүлэхэд чиглэсэн ажил, арга хэмжээг зохион байгуулах талаар ярилцав.
Улаанбаатар хотын шинэ нисэх буудлыг түшиглэн дагуул хот, эдийн засаг, мэдээллийн технологи, аялал жуулчлалын бүс байгуулах, хүрэн нүүрснээс устөрөгч гарган авах технологи нэвтрүүлэх чиглэлд Монгол, Японы хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах боломжтойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолсон юм. Түүнчлэн хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг дэмжиж, мал аж ахуйг түшиглэн экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад чиглэсэн, нийслэл хотыг тойрсон хурдны болон “Богдхан” төмөр зам тавих ажилд Японы хувийн хэвшлийг оролцоосой хэмээн хүсэж байгаагаа илэрхийлэв. Боловсролын, нэн ялангуяа мэдээллийн технологийн салбарын хамтын ажиллагаа, боловсон хүчин бэлтгэх асуудлыг чухалчилж байгааг тэрбээр мөн дурдлаа. Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Никай Монгол, Японы харилцааны бат бэх үндэс сууринд тулгуурлан хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулахын төлөө бэлэн байгаагаа илэрхийлэв. Ирэх онд тохиох дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг хамтран тэмдэглэх манай талын саналыг тэд талархан хүлээн авсан юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ойг тохиолдуулан хоёр талаас улс төр, бизнес, төрийн алба, соёл урлагийн төлөөлөл болсон 50 шилдэг залууг харилцан илгээж, солилцооны арга хэмжээ зохион байгуулах санал гаргасныг дэмжлээ.
Ерөнхий сайдын Японд хийсэн айлчлал өчигдөр өндөрлөв. Тэрбээр буцах замдаа БНСУ-д саатаж, тус улсын Ерөнхий сайд Ким Бү Гёмтой ажлын уулзалт хийх гэнэ. Цар тахлын эсрэг арга хэмжээний менежмент, иргэдийн харилцан зорчих журам болон хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар тэд санал солилцохоор төлөвлөжээ.
Бэлтгэсэн Б.Нандин