Үндсэн хуульд 2019 оны арваннэгдүгээр сард нэмэлт, өөрчлөлт оруулсан. Үүнд нийцүүлэн 19 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, 11 хуулийг шинэчлэн, гурвыг шинээр батлах учиртай. Тиймээс УИХ-ын 2020 оны хоёрдугаар тогтоолоор Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль, тогтоомжийг нийцүүлэх хуваарийг баталсан юм. Тодруулбал, парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах, гүйцэтгэх эрх мэдэлтэй холбоотой, шүүхийн бие даасан байдлыг бэхжүүлж, шүүгчийн хариуцлагыг дээшлүүлэх, нутгийн удирдлагын гэсэн дөрвөн чиглэлээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан билээ. Уг хуваарьт тусгасан хэчнээн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хэдийг “засварлаагүй” үлдээд буйг танилцуулъя.
Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах үүднээс Ашигт малтмалын, Төрийн болон орон нутгийн өмчийн, Байгаль орчны, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний, Цөмийн энергийн, Үндэсний баялгийн сангийн, Засгийн газрын тусгай сангийн, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн, Төрийн хяналт шалгалтын, Улс төрийн намын, Улс төрийн намын санхүүжилтийн, Ард нийтийн санал асуулгын тухай хуульд 2020 онд багтаан өөрчлөлт оруулах хуваарьтай байв. Гэвч эдгээр хуулиас алийг нь ч батлаагүй байна. Харин хөгжлийн бодлого, төлөвлөлтийн, УИХ-ын, УИХ-ын чуулганы хуралдааны тухай хуулийг шинэчилж, Төсвийн, Төрийн аудитын, Хууль тогтоомжийн тухай хуульд холбогдох өөрчлөлт оруулсан. Товчхон хэлбэл, парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах чиглэлд өөрчлөх ёстой хуулиудын ихэнхийг нь “сөхөж хараагүй” байна.
Үндсэн хуульд оруулсан гүйцэтгэх эрх мэдэлтэй холбоотой нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Засгийн газрын, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг шинэчилсэн. Харин Ерөнхийлөгчийн тухай хуулийг шинэчлэн баталж амжилгүй хаврын чуулган өндөрлөв.
Шүүхийн хараат бус байдлыг хангах, шүүгчийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх ажлын хүрээнд Шүүхийн тухай багц хуулийг баталсан.
Нутгийн удирдлагатай холбоотой өөрчлөлтийн хүрээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчилсэн. Харин улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотуудыг бие даалган хөгжүүлэх Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлээгүй байна. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн, Төсвийн, Татварын тухай хуульд холбогдох өөрчлөлтийг оруулсангүй.
Бэлтгэсэн Б.Нандин