УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай", "Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Хөрөнгө оруулалтын тухай хуульд оруулах гол өөрчлөлтүүдийг дурдвал:
-Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгуулахад шаарддаг 100 мянган ам.долларын босгыг үгүй болгох,
-Дотоодын аж ахуй нэгжтэй ижил хэмжээний татварын хөнгөлөлтөд хамрагдах,
-Тухайн хөрөнгө оруулагч болон түүний гэр бүл нь Монгол Улсад байнга оршин суух виз хүсэх тохиолдолд 50 мянган ам.доллароос багагүй хөрөнгө оруулалт хийж, хоёроос доошгүй ажлын байр бий болгох шаардлагыг тусгажээ.
Харин Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд оруулах гол өөрчлөлтүүдийг дурдвал:
-Тамхины онцгой албан татварыг энэ оноос эхлэн 2024 он хүртэл үе шаттайгаар нэмэгдүүлэх,
-Халаах болон ууршуулах технологи бүхий электрон төхөөрөмжийн тусламжтайгаар хэрэглэдэг тамхи, никотин агуулсан шингэн тамхины импорт, үйлдвэрлэлийг хуулийн зохицуулалт, стандарттай болгож, онцгой албан татвар ногдуулахаар хуулийн төсөл боловсруулагдсан байна.