Төрийн аудитын байгууллагаас Монгол Улсын өнгөрсөн оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг энэ сарын 10-нд УИХ-д хүргүүллээ. Эл дүгнэлтэд Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн нийт орлого ба тусламж 9.463.8, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 13.904.3 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй болохыг аудитаар баталгаажуулж, дурджээ. Дүгнэлтэд үндэслэн УИХ-д хоёр асуудал толилуулж, Монгол Улсын Ерөнхий сайдад тав, Сангийн сайдад гурван зөвлөмжийг өгсөн байна.
Засгийн газрын өнгөрсөн оны санхүүгийн нэгтгэсэн тайланд төсвийн ерөнхийлөн захирагчийн 56, тэдгээрийн харьяа 6.890 санхүүгийн тайланг нэгтгэсэн бөгөөд аудитаар 3.607.7 тэрбум төгрөгийн 5.318 алдаа зөрчил илрүүлжээ. Аудитын явцад эдгээрийн 1.095 буюу 2.283.5 тэрбум төгрөгийн алдааг залруулж, 17.7 тэрбум төгрөгийн 440 алдаа, зөрчилд төлбөрийн акт тогтоож, арилгах, давтан гаргахгүй байх шаардлага хүргүүлжээ. Мөн 924.1 тэрбум төгрөгийн 1.260 зөрчилд албан шаардлага хүргүүлж, 382.4 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх 2.523 зөвлөмжийг хүргүүлээд байна.